Б.Өлзийсайхан: Уран барилдаан үзүүлж үзэгч түмнээ баясгах сайхан

98

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, уран хурц барилдаант аймгийн харцага “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Өлзийсайхантай ярилцлаа. Түүний амжилт хүүхэд байхаас нь эхэлсэн ба түргэн шуурхай барилдаанаараа бөх сонирхогчдын талархал хүлээсэн, улсын цолтнуудтай сайн барилддаг бөх юм.
 
-Уран хурц барилдаанаараа бөх сонирхогчдын сонирхлыг татдаг залуу харцагатай ярилцаж буйдаа таатай байна. Уламжлал ёсоор таны төрж өссөн нутаг, бага насны тань талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо? 
-Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. Манай сумаас улсын арслан Д.Ганхуяг, улсын начин Нинж, улсын начин Хайдав, улсын начин Б.Цэрэнсодном, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон гэсэн олон сайхан улсын болон аймгийн  цолтой  хүчит бөхчүүд төрж гарсан нутаг. Харин миний  бага нас сумынхаа зүүн хоолой гэдэг газар өнгөрсөн. Хөдөөний хүүхдүүд яаж өсдөг билээ түүнтэй адил үеийн хүүхдүүдтэй мөн ахтайгаа ёстой л дээлээ ханзартал гэдэг шиг барилдаж өссөн. Ахтайгаа дэрсхэн болохоор ана мана, ач тач үздэг байлаа. Харин эмээ минь намайг гурван настай байхад ээжид “Их том бөх болно оо” гэж хэлсэн гэнэ лээ. Би эмээгийнхээ хамгийн бага охиноос гарсан ганц хайртай зээ нь байлаа.
 
-Эрэгтэй хүүхдийг “бөх болно” гэж  шинждэг. Гэтэл эмээ тань таныг шинжиж. Тэгэхээр таны удамд бөхийн удам байсан байна даа? 
-Тийм ээ. Манай эмээ эгэл жирийн малчин хүн хэрнээ их чамбай хүн байсан. Миний санаанаас гардаггүй нэг дурсамж байдаг л даа. Би багадаа их майжиг хүүхэд байлаа. Таван настай байсан санагдаж байна. Нэг удаа эмээтэйгээ тавын битоноор ус зөөж яваад нэг хөлийнхөө үзүүр дээр гишгэж ойчоод барьж явсан усаа асгачихсан. Түүнээс хойш эмээ надад зөв гишгэхийг зааж өгч байсан. Мөн  өвөөгийн  минь тухай сайхан дурсамж хүүрнэнэ. Энэ талаар бидэнд дурсахдаа Б.Долгор гэж хүн байсан мөн сумандаа болон энд тэндхийн жижиг наадмуудад дандаа түрүүлдэг байсныг ярьдаг байлаа. Өвөө минь зүүн түрүүний тонгордог нэртэй, нэлээн бяртай, сайн уяач хүн байсан гэнэ лээ. Цааш нь хөгжүүлсэн бол өшөө ч дээшээ цол авах боломжтой байсан гэдэг. Өвөөгийн талд аймгийн начин Д.Нэргүйнбор, харин эмээгийн минь талд сумын заан И.Банди гэж хүн байсан юм байна лээ. Үүнээс гадна эмээгийн маань дүү сумын заан түүний үр хүүхдүүд нь сумын начин, заан цолтой хүмүүс бий. Харин манай аав хотын хүн залуудаа чөлөөтөөр барилддаг байсан. Төрсөн ах маань чөлөөт бөхийн ОУХМ хүн бий. Анх 2001 онд хотод ирээд 2004 оноос ахыгаа дагаж чөлөөт бөхийн дугуйланд явж эхэлсэн. Чөлөөт бөхөөр анхны сууриа тависан.
 
-Таны чөлөөт бөхөөр гаргасан  амжилт арвин их. Анх дэвжээн дээр гарахдаа сандарч тэвдэх зүйл гарч байв уу? 
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж анх удаа дэвжээн дээр гарч барилдахдаа багагүй сандарч байлаа. Бөхийн дэвжээ болгон том шүү дээ. Анхын тэмцээн Жон Петерсон гээд олимпийн аваргын тэмцээн байсан. Энэ тэмцээнд хоёр ялаад дараагийн барилдаандаа ялагдаж байлаа. Одоо тэр үеэ бодвол мэдээж өөр бололгүй яах вэ. Дэвжээн дээр би ялна л гэж өөрийгөө зоригжуулж хурцалж гардаг болсон. Харин би чөлөөт бөхөөр өсвөр залуучуудын улсын аварга, оюутны улсын гурван удаагийн аварга, насанд хүрэгчдийн улсын гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай. “Mongolia open” тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Харин олон улсын уралдаан тэмцээнээс гэвэл И.Яригенийн Гранпри бага дэлхийн аваргаас хүрэл медаль мөн Буриадын ерөнхийлөгчийн цомын хошой хүрэл медаль хүртсэн. Миний энэ амжилт үзүүлж буй нь багш нар болон намайг дэмждэг хүмүүсийн маань ач тус юм. Анхны багш С.Сосорбарам, талийгаач багш Г.Пүрэвбаатар, одоогийн багш гавьяат тамирчин Ц.Баярсайхан болон гавьяат тамирчин П.Өнөрбат ах нартаа талархаж  явдаг. Мөн аав ээж, ах болон “Хасу мегават” компани, Ж.Түмэн-Аюуш захирал  болон Мөрөнтрансын Билгүүнболд мөн барилдаан болгонд дэмжиж хамт байдаг С.Даваажав, Баярдэлгэр ахдаа баярлаж явдагаа хэлэх нь зүйтэй байх. Учир нь тамирчин хүний амжилт ганцхан хүний зүтгэлээр хэмжигддэггүй. Үүнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
 
-Таны 2019 онд  И.Яригенийн Гранпри бага дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсныг үзэгчид мартаагүй байх? 
-Тийм ээ. Миний хувьд ч бас сэтгэлд үлдсэн барилдааны маань нэг л дээ. Учир нь миний өрсөлдөгч бөх дэлхийн цомын аварга, дэлхийн Ү23 дэлхийн аваргын хүрэл медальтай Оросын Дагестан Алихан Жабриалов гэж  залуу байсан. Энэ барилдаанд би  сэтгэл зүй их өндөртэй барилдсан. Багш маань намайг оноо авах бүрт тайван болж байна гэж хэлж байлаа. Тус барилдаанд би тухайн тамирчныг  12:00-ээр хожиж хүрэл медаль хүртсэн. Энэ бол миний сайхан дурсамжтай барилдаануудын маань нэг яах аргагүй мөн.
 
-Та хэзээнээс үндэсний бөхөөр барилдах болов? 
-Үндэсний бөхөөр сумандаа өсвөрийн барилдаанд  хоёр түрүүлсэн. 2012  онд сумын начин болсон. Харин 2013 онд Сэлэнгэ аймгийн Орхон суманд сумын заан болсон. Үүнээс хойш л үндэсний бөхөөр тууштай хичээллэх болсон доо. Бөхийн өргөөнд зохиодог сумын цолтнуудын барилдаанд нэг удаа гуравт орж зургаан удаа үзүүрлэсэн. 2017 онд зохиосон бүх аймгийн  начин цолтой бөхчүүдийн барилдаанд  сумын заан цолтой барилдаад түрүүлж байсан. Энэ цагийн шилдэг арслангуудыг начин цолтой байхад нь давж түрүүлж байсан минь сайхан дурсамжтай санагддаг. Харин 2018 онд зургаа давж аймгийн харцага цол хүртсэн.
 
-Аймгийн харцага цолны болзол хангасан наадмынхаа талаар дурсахгүй юу? 
-Аймгийн харцага цолыг Налайхын наадамд хүртсэн. Энэ цолыг хүртэхээс өмнө би  аймгийн баяр наадамд дөрвөн удаа дөрөв давж дандаа тавын даваанд унаж байлаа. Энэ наадамд хоёрын даваанд улсын харцага А.Бямбажав харцагатай оноолтоор таарч барилдаад зүүн хөлийг нь авч давсан. Гурвын даваанд улсын начин Ч.Баянмөнх ахаар, дөрвийн даваанд улсын заан Д.Батмөнх зааныг давсан. Харин тавын даваанд нутгийн ах улсын заан Т.Санчирыг даваад зургаагийн даваанд аймгийн начин Д.Дэмиддоржтой тунан барилдаад давж харцага цол хүртсэн. Нэг сонин дурсамж хүүрнэхэд хоёрын даваанд улсын харцага А.Бямбажав харцагыг давахад аав минь жигтэйхэн их баярлачихсан уйлаад л барилдаан болоогүй байхад үнсээд байсан. Учрыг нь сүүлд мэдвэл манай аавын дэмждэг бөх нь А.Бямбажав харцага байсан юм билээ. Дэмждэг бөхийг хүү нь давчихаар тэгтлээ их баярласан хэрэг. 
 
-Та бөхийн өргөөнд ч бас улсын цолтой бөхчүүдийг давж үзэгчдийг суудлаас нь өндийлгөсөн барилдаан хийж байгаа харагддаг шүү дээ? 
-Миний бодлоор эрэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэснээр маш зөв хүмүүжлийг олж авдаг. Тухайлбал, ёс жудаг хүндлэл, харилцааны соёл, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэхийг мөн цолны эрэмбээр ах захаа хүндлэхэд суралцдаг. Ахмад бөхчүүдээс залуу бөхчүүд бид суралцаж байдаг. Харин дэвжээн дээр бол би дээр хэлсэн шүү дээ өөрийгөө үргэлж хурцалж гарах хэрэгтэй. Үзэгчдээ чилээхгүй уран хурц, түргэн шуурхай барилдааныг үзүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Хамгийн анх 2013 онд оюутны улсын аваргад оролцож тойргоор барилдаад тухайн үед улсын шинэхэн харцага цол хүртээд байсан Э.Оюунболдыг баруун хөлийг нь авч ард нь гараад давж байсан. Мөн өнгөрсөн жил тусгаар тогтнолын барилдаанаар О.Хангай харцагыг баруун хөлийг нь давхар болгож давсан. Харин 2019 оны шинэхэн начин Б.Орхонбаярыг улсын начин цолтнуудын хүндэтгэлийн барилдааны хоёрын даваанд суганд нь сэжээд тахимдаад давсан. Барилдаануудыг маань үзэгчид үзэж байна гэдэг мэдээж сайхан. Миний унаган мэх хөл авах. Харин ид барилдаж буй бөхчүүдээс шилдэг нь гэвэл улсын харцага О.Хангай, улсын начин чөлөөт бөхийн ОУХМ Д.Худэрбулгыг гэж боддог.
 
-Танд хамгийн сайхан санагддаг цол юу вэ? 
-Аварга цол л хамгийн сайхан санагддаг.
 
-Ид барилдаж буй иртэй бөхийн хувьд бөхийн дүрэмд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж боддог уу? 
-Бодолгүй яах вэ. Барьц сонгоог болиулах хэрэгтэй мөн жингийн асуудал байна. 110 кг-аас доош жинтэй барилддаг болбол хурдан шаламгай үзэгчдэд үзүүштэй сайхан барилдаан гарна. Мөн допингийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Үүнээс болж залуу үе болох бид амжилтаараа хохирч байна шүү дээ. Зүлэг ногоон дэвжээн дээр үнэн хүчийг л үзэх сайхан шүү дээ. Үүнийг анхаараасай гэж боддог. Үр хойчид уламжлагдах өв соёл минь цэвэр ариун байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг дээ.
 
 
А.ДоржхандЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn