ХААН Банк Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сангаас 8 сая ам.долларын ногоон санхүүжилт татлаа

403

ХААН Банк Швейцарь улсад төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани “responsAbility Investments AG”-ийн удирдаж буй Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан (ДУАХАС)-тай ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн, эртний түншүүд билээ. Өмнөх онуудад үзэглэсэн урт хугацааны санхүүжилтийн гэрээний үр дүнд ХААН Банк олон төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн тул энэ жил 8 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийн гэрээнд дахин гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа цааш үргэлжлүүлэхээр боллоо.   
ХААН Банк 2021 онд зах зээлд нэвтрүүлсэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хөнгөлөлттэй нөхцөл бүхий бизнесийн ногоон зээлээр дамжуулан барилга, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын ногоон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлсний зэрэгцээ ДУАХАС-гийн эрчим хүчний мэргэжилтнүүд болон техникийн зөвлөгөө үзүүлэх багтай хамтран нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулж, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм. Үүнд: 
  • ТЭСО группийн охин компани “Милко” ХХК-ийн “Олон улсын жишиг экспортын үйлдвэрийн бүс” байгуулах төсөлд нийт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү төслийн хүрээнд тус компани үйлдвэрлэлийн шугам, тоног төхөөрөмжүүдээ иж бүрэн шинэчилснээр хог хаягдлыг багасгаж, эрчим хүчний хэрэглээг бууруулан, ДУАХАС-гийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн зөвлөгөө дэмжлэгийг авсны үр дүнд хуучин тоног төхөөрөмжтэй харьцуулахад нүүрс хүчлийн хийн ялгарлыг 52 хувиар багасгах юм.
  • “Төгс ургац” ХХК-ийн орчин үеийн, дэвшилтэт, ухаалаг технологийн бүрэн автомат дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд 12 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон. Монгол Улсын нарийн ногооны дотоодын хэрэгцээг хангах энэхүү хүлэмж нь халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга, тоолуурын систем бүхий орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд эрчим хүчний хэрэглээг 24 хувь, ижил төрлийн өвлийн хүлэмжтэй харьцуулахад нүүрс хүчлийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах юм.
  • Монгол Улсын ууган зочид буудал болох Улаанбаатар зочид буудлыг сэргээн засварлах  төсөлд 7 тэрбум төгрөгийн зээл олгосон. Уг төслийн хүрээнд зочид буудлыг илүү эрчим хүчний хэмнэлттэй болгон сэргээн засварлаж, шинэ халаалт, агааржуулалт, гэрэлтүүлэг, дулаалга, орчин үеийн гал тогоо, цахилгаан болон сантехникийн тоног төхөөрөмж суурилуулснаар ус хэмнэж, эрчим хүчний хэрэглээг 24 хувиар буюу хүлэмжийн хийн ялгарлыг жилд 2.6 сая тонноор бууруулах юм.
Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн 90 хувь нь чулуужсан түлш байдгаас нэг киловатт эрчим хүчид ногдох нүүрс хүчлийн хийн ялгарал өндөр байдаг. Иймд эрчим хүчний хэмнэлт үүсгэх ногоон санхүүжилт нь уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах гол хөшүүрэг болдог. Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах Монгол Улсын амлалтыг биелүүлэхэд ХААН Банк бодит хувь нэмэр оруулж, санхүүгийн арга хэрэгсэл, хөшүүргээр дамжуулан эрчим хүчний хэмнэлтийг үүсгэх болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бизнесийн төсөл, хөтөлбөрүүдийг ногоон зээлээр санхүүжүүлэхийг зорьж байна. 
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “ДУАХАС-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бид 8 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татаж чадсандаа туйлын баяртай байна. Ногоон санхүүжилт сонголт гэхээсээ илүүтэйгээр бидний зүгээс эдийн засаг болон харилцагчдадаа хүргэх ёстой өөрчлөлт юм. Энэхүү санхүүгийн эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийг бий болгох төсөл, хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлж, нүүрстөрөгч багатай эдийн засаг руу шилжих шилжилтийн хурдасгуур болсноор Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон зорилтыг биелүүлэхэд түлхэц болох юм” гэж онцоллоо.
responsibility Investments AG”-ийн уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг хариуцсан тэргүүн Дэйвид Диас Формидони “Ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч, олон нийтэд жигд хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэхэд банкны зүгээс онцгой анхаарч, энэ чиглэлд идэвх чармайлттай ажиллаж байгаад бид маш их баяртай байна. Тиймдээ ч бид дараа дараагийн жилүүдэд ногоон зээлийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо. ХААН Банкны тэмүүлэлтэй, өндөр чадвартай ногоон зээлийн багтай хамтран ажиллаж байгаадаа олзуурхаж буйн зэрэгцээ Монгол Улсын уур амьсгалын зорилтод хувь нэмэр оруулах боломж олдсонд бид талархаж байна.”
ХААН Банкны тухай
ХААН Банк нь Монгол Улсын тэргүүлэгч банк бөгөөд 547 салбар, нэгжээрээ дамжуулан нийт айл өрхийн 70 гаруй хувьд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлсээр ирсэн билээ. Байгуулагдсан цагаасаа хойш 30 гаруй жилийн турш ХААН Банк үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтээрээ салбартаа тэргүүлэн, харилцагчдынхаа итгэлийг олж, найдвартай түнш нь байсаар ирсэн. Одоо ХААН Банк уламжлалт санхүүгийн хэвшмэл үйлчилгээний чиг хандлагыг эвдэж бүрэн цахимжсан банк болохоор зорьж байна.
ДУАХАС-гийн тухай
ДУАХАС нь ХБНГУ-ын байгаль орчин, байгаль хамгаалал болон цөмийн аюулгүй байдлын яам, KfW Entwicklungsbank болон Олон улсын санхүүгийн корпорацийн хамтын ажиллагааны дүнд Люксембургийн хууль журмын дагуу 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын компани юм. Тус яам нь Их Британи, Дани улсын хөгжлийн хоршооллын Бизнес, эрчим хүч, үйлдвэржилтийн стратегийн газартай хамтран анхан шатны катализатор хөрөнгө оруулалтыг ДУАХАС-д олгосон. Бусад хөрөнгө оруулагчдыг дурдвал: Эй Эс Эн Банк, Ärzteversorgung Westfalen-Lippe, FMO, Австрийн хөгжлийн банк, Sparkasse Bremen, Европын хөгжлийн банк болон Heilsarmee зэрэг юм.
 
responsAbility Investments AG нь Цюрихт төвтэй, 200 гаруй ажилтантайгаар долоон оффисоос үйл ажиллагаагаа явуулж буй хөгжиж буй зах зээлд чиглэсэн нөлөөллийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч юм. 2003 онд байгуулагдсан цагаасаа хойш 12 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, олны итгэлийг олсон байгууллага юм. 2015 онд НҮБ-ын тодорхойлсон Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд шууд хувь нэмэр оруулах үүднээс дараах гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна.
  • Санхүүгийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр бичил болон жижиг, дунд бизнесүүдийн хөрөнгө оруулалт;
  • Хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилгод хувь нэмрээ оруулахын тулд уур амьсгалын хөрөнгө оруулалтын чиглэл;
  • Тасралтгүй өсөж буй дэлхийн нийт хүн амыг хоол хүнсээр тогтвортой хангахын тулд тогтвортой хүнсний чиглэлд хөрөнгө оруулдаг.
responsAbility нь олон улсын хадгаламж, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг M&G plc-ийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд M&G plc-ийн нөлөөллийн хөрөнгө оруулалтын чадавхийг нэмэгдүүлэн ажилладаг.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn