Эрдэнэхишиг: Тэмээчдийн орлогын эх үүсвэр ингэний сүү

240
Дэлхийн тэмээний 90 хувийг наран тэмээ буюу нэг бөхт тэмээ эзэлдэг бол үлдсэн 10 хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Хоёр бөхт тэмээ нь Монгол, Хятадын хойд говь, Халимаг, Киргизстан, Казахстан улсад бий. Тэмээ гэх энэ амьтны амгалан, сүр сүлдийг малчин түмэн бишрэн дээдэлдэг билээ.
Амгалан дөлгөөн зантай, уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог тэмээг хүмүүс гэршүүлээд 5000 жил болжээ. Тэмээгүйгээр говийн бүсийн нүүдлийн соёл иргэншлийг тодорхойлох боломжгүй мэт. Говь цөлийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн тэмээ нь нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах үүрэгтэй хоёр бөхтэй, халуун элстэй хөрсөнд явах тавхайтай, говь цөлийн өргөслөг хатуу ургамлаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартай гээд маллахад арчилгаа бага шаарддаг мал бол тэмээ. Тэгвэл Солонго аяллын дараагийн өртөө Ганцмод суурины Төгрөг багийн тэмээчин айл байлаа. Залуу хойч үедээ өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй хуваалцан, орчин үед малынхаа ашиг шимийг хэрхэн зөв зохистой хүртэх арга ухааны сүвэгчлэн ажил хэрэг болгож яваа ахмад хилийн малчинтай цахимаар холбогдон цөөн хэдэн хором ярилцсан юм.  
 - Сайн байна уу? Юуны өмнө тантай танилцъя.
Сайн, сайн байна уу? Урадын дунд хошууны Ганцмод суурины Төгрөг багийн малчин Эрдэнэхишиг гэдэг хүн байна. Манайх хилээс 20 километр орчимд, сумаасаа 105 километрт нутагшиж байна. 900 гаруй мү (1га = 15мү) бэлчээр нутагтай.
- Малын тоо толгой хэдэд хүрээд байна. Хэдэн төрлийн мал малладаг вэ?
90 орчим тэмээтэй, шөлний цөөхөн хэдэн бог мал, үхэр малладаг. Энэ жил тааруу жил болсон болохоор хэдэн үхрээ зарсан. Үлдсэн хэдэн үхрээ ойролцоох суманд оторт явуулсан байгаа.
- Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хийгдэж байна вэ? Жилд хэчнээн төгрөгийн тэжээл өвс бэлддэг бол?
Энэ жил ган ихтэй байсан болохоор өвлийн бэлтгэл ажлыг эртнээс маш сайн хангах хэрэгтэй байна. Өвсөө одоогоос авч бэлтгэж байгаа. Сайхан жилүүдэд бол 100 мянга орчим юанийн тэжээл өвс бэлдэхэд өвөл хавартаа хүрэлцдэг. Энэ жилийн хувьд 150-200 мянган юанийн тэжээл өвс бэлдэх төлөвтэй байна. Үгүй бол өвлийг давахад амаргүй байх шинжтэй байна. Хавар бас хэцүүдэж мэдэхээр л байгаа.
- Олон жил малын дэргэд байсны хувьд залуу малчдад хандан анхааруулах зүйл юу байна?
Сүүлийн 10 жилд нам төрөөс малчдыг их дэмжих болсон. Төрийн бодлог ч их сайжирч байгаа. Үүнийг дагаад малчдын амьдралд олон талын өөрчлөлт гарч байгаа. Тиймээс малынхаа чанар чансааг дээшлүүлэх, нутаг орны онцлог цаг агаарын нөхцөл байдалдаа тохируулан ямар мал маллавал илүү сайн дасан зохицож, үр өгөөжөө өгөх талыг нь анхаарч ажиллавал төр засгийн дэмжээд сайхан амьдрах болом их болсон. Хөдөө газар амьдрах нөхцөл болом тааруу байдаг цаг ард үлдсэн. Хөдөө боломж их байна гэдгийг л хэлмээр байна.
- Таныг өөрийн нутаг орондоо нийгэмлэг байгуулсан гэж сонссон?
Тийм ээ. 2012 оноос “Говийн эрдэнэ тэмээн үйлсийн нийгэмлэг” байгуулж, тэмээгээ хамгаалан өсгөн үржүүл, ашиг шимийг нь яаж хүртэх талын ажил өрнүүлээд нэлээд үр дүнд хүрсэн. Анх манай баг 400 орчим тэмээтэй байсан. Нийгэмлэг байгуулснаас хойш өсөж үржин 2000 орчим тэмээтэй болоод байна. Тэмээгээ унах, ботгоо барьж уях, ингэ саах, тэмээн уралдаан гээд тэмээ маллахтай холбоотой бүхий л зан дадал орхигдоход тулаад байгаа өнөө үед сэргээн сануулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой нийгэмлэгээ байгуулсан. Нийгэмлэг байгуулснаар тэмээгээ унах, ингэ саах, уралдаанд зориулан тэмээгээ бэлдэж байгаа малчид нэмэгдсээр байгаа.
- Малын тоо толгойг нутаг бэлчээртээ тохируулан маллах ёстой байдаг. Тэгвэл ийм нөхцөл байдалд тэмээнээс яаж ашиг хүртэж байна вэ?
Гол төлөв мах, сүү, уралдаан тэмцээнээр бага сага ашиг хүртэж байна. Хойшдын зорилго бол тэмээнийхээ мах, сүүг яаж илүү нарийн боловсруулан зах зээлд гаргах, олонд таниулах нь чухал байгаа.
- Ингэний сүүг өтгөн, амт чанар сайтай, эмчилгээний ач холбогдолтой, удаан хадгалах  боломжтой гэж ярьдаг. Ингэний сүүний ашиг орлого хэр байдаг вэ?
Ингэний сүүний ашиг тус их. Цусны судас хатуурахаас сэргийлж, нарны болон бусад хортой цацраг идэвхт бодисын нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй хүнсний үнэт бүтээгдэхүүн гэж үздэг. Ингэний сүү нь малчдын хувьд орлогыг нь таслахгүй нэмэгдүүлэх орлогын эх үүсвэр гэж болно. Хэзээ ч тасалдахгүй байх боломтой. Тиймээс манай баг ингэний сүүгээр орлогоо нэмэгдүүлэх зорилготой дээд шатны дэмжлэгээр “Ингэ саах суурин газар” байгуулахаар ажиллаж байна. Ирэх жил энэ ажлаа эхлүүлэх төлөвтэй байгаа. Малчид ингээ авч ирж өгөөд намар болоход ашиг орлогоо тооцуулан авах боломжтой болох юм.
-  Улс орноос хилийн малчин айл өрхөө хэрхэн дэмжин ажилладаг вэ?
Хилийн ойролцоох малчдыг төр засгаас төрөл зүйл, төсөл хөтөлбөрийн талаас их дэмжлэг үзүүлэн ажилладаг болсон. Хил хязгаар орны суугуул ард иргэдэд нөхвөр болгон жилд нэг хүнд 3000 юанийн нөхвөр мөнгө олгодог. Зарим айл өрхөд хилийн хамгаалагч гэх нөхвөр мөнгийг бас олгож байна. Малын хашаа хороо, малчдын байр байшингийн талд мөн нөхвөр мөнгө олгодог. Хөдөө амьдрал их сайхан болж байгаа. Ус цахилгааны асуудал бүгд шийдэгдсэн. Хот газраас ялгараад байх зүйлгүй болсон. Усны асуудал говь нутагт бас амаргүй байдаг. Тэгвэл улсаас малчдадаа усны зоорь хийж өгсөн. Худгаас усаа зөөгөөд зоориндоо хийгээд хагас сар хадгалахад ямар ч асуудалгүй шинээрээ байдаг болсон. 10 жилийн өмнөхөөс зам харилцаа ч сайхан болсон. Арваад жилийн өмнө бол өдөрт нэг л удаа унаа явна. Хүн ихтэй үед дээрээ ачаа бараагаа ачаад дотроо хүмүүс нь зогсож чихэлдээд явдаг байсан. Одоо бол хүссэн үедээ ямар ч унаагаар яваад ирэх болсон.
- Цаг гарган бидэнтэй холбогдсон танд их баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсэж байна, баяртай.
Баярлалаа, баяртай.
Зохиогч:
Н.Алтан-Уул, Ц.Урантунгалаг, Б.Сурнаа
Найруулагч:
Ц.Урантунгалаг
Эх сурвалж:
Солонго
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn