Аймгууд уурхайгаа “ухаад” үзээрэй, араас нь “Ажнай”-нууд гарч ирэх вий

0


Өмнө нь Хөгжлийн банкны сонсголын дараа“...Улстөрчид орж ирэхээрээ сонсголыг өөртөө ашигтай болгоод гараад явчих юм” гэсэн яриа үлдэж билээ. Оргүй үг биш бололтой. Нүүрсний сонсголын эхний хоёр өдөр жижиг “Тавантолгой” ХК-ийг тойрч ярив. Тэр үеэр “Ажнай “ Д.Бат-Эрдэнэ ярьж байна. Тэрбээр “...Энэ индрийг ашиглаад өмнөговьчууддаа баяр хүргэе. Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Нүүрсний сонсголын хянан шалгах түр хорооны гишүүдийн ажлыг хүндэлж байна. Гэхдээ зарим мэдээлэл худал, гүтгэлгийн шинж чанартай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдөр энэ сонсголыг Монголын ард түмэн үзэж байна. Нэгнээ муулж Монгол хөгжих юм уу. Нам гэсэн маск доор хэцүү байдалд орж байна. Шинжээчийн дүгнэлтэд хандаж хэлэхэд, олборлолтын асуудал байна. Би компани удирдаж, мөнгө төгрөг өсгөж явсны хувьд зардлыг багасгах ёстой гэсэн байр суурь баримталсан. Ингэж байж улс орны эдийн засаг ашигтай байдаг. Хамгийн хямд үнээр хөрс хуулалтууд хийж байсан. Том машинтай том компаниуд ордоггүй байсан. БЭТ томилогдсоноос хойш Улаанбаатарын том компаниуд орж, үнийг өсгөсөн. Үүнийг шалгасан уу. Өмнөговьчууд надтай холбогдсон.

Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч, би ярьж хөөрдөг. 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулав гэж ярьж байна. УИХ яагаад хүн айлгах, байцаан шийтгэх хэв маягтай болчихов оо. Яагаад нэгнийгээ айдсаар барих гээд байгаа юм. Шалгаж болно. Гэхдээ дараагийн алхмаа зөв бодож байж шалгах хэрэгтэй. Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энд дандаа миний дүү нар байна. Би зааж сургаад, зөвлөгөө өгөөд явуулдаг. Энэ хүмүүс өнөөдөр айдастай байна. Би энэ насандаа худлаа хэлж, хулгай хийгээгүй. Айлгах, нухах, гүтгэх гэсэн асуудал байж болохгүй” гэж ярив. Д.Бат-Эрдэнийн хувьд том улстөрч үү, тийм. Том бизнесмэн үү, тийм. Гэвч тэрбээр нөгөөх л нүүрс дагасан улстөрч, бизнесмэн гээд байдгийн томоохон жишээ нь болчихоод байгаа юм. Бас энд түүний үгийг л хүргэсэн нь учиртай. Үйлдлийг нь Нүүрсний сонсголын ажлын хэсгээс мэдээлсэн. Бас л “аймаар тоо”-нууд гарч ирнэ лээ.

Уг нь жижиг “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговийн ИТХ-ын мэдэлд байдаг. Тэр утгаараа Өмнөговийн иргэд л энэ компаниа мэдэх ёстой. Гэтэл өнгөрсөн 10 гаруй жилд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ л мэдэж ирсэн. Тэгээд ч энэ сонсголоор жижиг “Тавантолгой” дээр болсон бүх булхайг дэлгээгүй нь тодорхой. “...Жижиг “Тавантолгой” компанийн 49 дээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ яаж илүүрхэх хувьцаатай болсон бэ”, “...Аймгийн ИТХ-ыг энэ компанид ямар оролцоотой болгосон бэ” гээд л яривал их том асуудал үүснэ. Гэтэл “...1937 оны хэлмэгдүүлэлт шиг байна. Айлгаж ичээгээд байна” гээд байх жишээтэй. Хамгийн гол нь эндээс орон нутгийн өмчтэй орд газруудад түшиглэсэн уурхайнууд хэний мэдэлд яаж ажиллаад байгааг л ойлгоод авах хэрэгтэй. Тухайлбал, Өвөрхангайн Баянтээгийн уурхай гэж бий. Аймгийн ИТХ-ын мэдэлд 70 хувь нь байдаг. Гэсэн атлаа эрхийг хувьцаа эзэмшигчид хийгээд улстөрчид хэрэгжүүлдэг. Бас л булай, булхайгийн далай тэндээс гарч ирнэ.

Ер нь бол ийм компаниудын байдал хоёр жилийн өмнө Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн судалгаагаар илэрч байсан юм. Тухайлбал танилцуулгад нь “...Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны байгууллагын дарга, мэргэжилтнийг оруулж байна. Тухайлбал, сум, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гэх зэрэг албан тушаалтныг томилох байдал нийтлэг байна” гэсэн байдаг. Эндээс эрх мэдлийнх нь схем тодорхой харагдаж байгаа юм. Тиймээс аймгууд уурхайгаа “ухаад” үзээрэй. Араас нь “Ажнай”-нууд гарч ирэх вий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn