Тавхан асуулт...?

803
/Шинжлэлт эсээ/
 
Нэг. Аварын жалганд буудуулдаг хэсгийг санаж байна уу? Тэр үхэх гэж байгаа юм. Тэгвэл Манлай баатар шоронд босоогоороо нөхцдөгийг санаж байна уу? Атгасан гарнаас нь хэдэн шагай цувран унаад л. Тэр бас үхэж байгаа хүн. Аль аль нь зөв гэж итгэсэн үйл хэргийнхээ төлөө тэмцсээр эцсийн ЦЭГ дээрээ хүрцгээж байна. Нэг нь шоронд нөгөө жалганд. Гэвч бидний ярьдгаар “газар тэнгэр шиг” ялгаатай үхлүүд. Олон жилийн өмнө Аварыг үхэхэд учиргүй баярлаж, Манлай баатарыг үхэхэд харамсан дуу алдаж суулаа. Хацар дээрээ хөндлөн сорвитой лам хар, цэрэг цуух нь ялгагдахгүй, том сахиус, хадаг яндар болсон хөөрхий Авар түүний нүдний хилэнт харц одоо ч сэтгэлд ургана. Дайсныг үзэн ядах биш ойлгох ёстой байж болохыг тэр харц хэлэхийг хүсчээ. Одоо санахад тэр харц хэлж үнэхээр чаджээ. Харин Манлай баатар Дамдинсүрэн эрэмгийн төрх, бас л мартаж болохгүй харцтай. Эр зориг, тэмцэл ялалтаар дүүрэн холын холыг ширтэн тогтох харц. Чухам тэр холын холд хамаг бүгдээ шингээсэн итгэл төгс шинж.Манай онцгой найруулагч Г.Жигжидсүрэнгийн ”Хатанбаатар”/1981/ киноны хоёр дүрийг онцлон яриад байгааг минь анзаарсан бол би тэнэгдүүхэн байж мэдэх нэгдүгээр асуултаа тавих гэж байгаа юм. Яаж нэг кинонд нэг хүний нүдээр хоёр өөр харцыг бүтээх вэ? Гэтэл 100 кинонд тоглоод ч ганцхан харцыг бүтээгчид дэндүү олон. Зүгээр л дунд сургуулийн урлагийн үзлэгээр хошин гараанд тоглохыг хүчээр ноогдуулахад тэр ялныхаа ард гарах гэж арга ядаж байгаа ахлах ангийн хөвгүүн шиг. Нэг тийм хиймэл, өөртөө хүч хэрэглэсэн байдалтай дүрүүд бүтээчихээд алдар хүндийн зах зух руу авирч яваа тоглогчид. Эсвэл буруутайгаа нотлох гэж улайран зүтгэж тоглогчид. Гэтэл Авар киноны турш буруугүйгээ л ойлгуулах гэж амьдарна. Энд л асуултын минь хариулт, түүний хагас хугас нь оршиж байна.
Хоёр. Эгэрэг чааваас их хатныг амь алдахад тэсэлгүй дуу алдчихдаг даа? Тэр дуу алдах ёсгүй ч байсан байж мэднэ. Тайз дүүрэн хий дэмий орилоон биш үзэж суугаа бүх л үзэгчдийн зүрхэнд тулсан дуу алдалт. Суут Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг үзчихээд гарч явахад бүхэл бүтэн тэр л жүжгээс хөөрхий Эгэрэгийн харуусал мэдрэгдсээр байлаа. Яаж чихний хэнгэрэг тултал хашгирах бус зүрхэнд хүртэл дуу алдаж чадна вэ? Бас л нэг тэнэг асуулт. Даанч одоо олон тоглогчид сүртэй хашгирахыг л жүжиглэх хэмээн андуурч байна. Уг нь цагаа олсон, нөхцөл бүрдсэн хашгиралт буруу биш л дээ. Сэтгэлийн хүчтэй хуйлрааг хашгирахаас өөрөөр хэрхэн гадагшлуулах билээ. Үнэхээр оносон газар хашгирах сайхан. Хашгирах ч ёстой. Орилж чарлах ч хэрэгтэй. Нус нулимс бол мэдээж сулдаа асгарна. Яг тэр агшинг олж мэдрэхгүйгээр үзэгдэл бүхэн дээр л аахилаад л хашгираад байдаг дуу ихтэй тоглогчдыг Эгэрэгийн дуу алдалт нам дарж билээ. Одоогоос бараг хориод жилийн өмнө үзсэн ”Тамгагүй төр” жүжгээс авч гарсан тэр л ухаарал минь тайзан дээр тоглогч, АМЬДРАГЧ хоёрын асар том ялгааг надад ойлгуулсансан. Хувь тавилан гэдэг оноолт бус ердөө сорилт юм. Түүнээс бус Эгэрэг яалаа гэж дуу алдах билээ. Тийм л сорилт жүжгийн зөрчил болохыг таньж мэдээгүй тоглогчид ТӨР, ТАМГА, улс гүрний хувь заяа, төрийн эмгэнэл, мөхөл сүйрлийн шалтгаан дотроо тоглосон байж мэднэ. Харин Эгэрэг тэр бүхнээс гадуур хувь тавилангийн сорилт, түүний доторх зөрчлийг харуулах гэж амьдарсан юм. Авараас ялгаатай нь тэр өөрийгөө олох гэж амьдарсан дүр. Авар бол ойлгуулах л гэж хичээсэн. Ингэхэд зохиолчийг давж харах хэцүү. Давж хардаг найруулагч байвч жүжигчин ховор. Энэ л асуултын минь хариулт, гэхдээ хагас хугас нь.
Гурав. Жанжин Данзан бачимдсандаа цэрэг цамцныхаа энгэрийн товчийг яаж тайлдаг гэж санана. Зүгээр л дотроо шатаж байгааг гарын хөдөлгөөн хэлээд өгнө. Хэдийгээр үнэн түүхийг жаахан гуйвуулсан байж мэдэх тэр киног ”Намрын халуун өдрүүд” гэдэг. Жанжин Данзан мөн харанхуй шөнөөр цэргийн хороо зорьж яваад Форд чийчаан нь эвдрээд унтарна. Жолооч өвгөнөө зэмлээд цааш явган гүйдэг хэсгийг санаарай. Ямар ч тэвдэж сандарсан шинжгүй, цаг эргэж, бүх зүйл өөрийнх нь эсрэг болсныг ойлгосон ч итгэл найдвар нь хэвээрээ. Нөхцөл байдал бол яахав дээ өгөгдөл төдий зүйл. Харин мөн чанар бол огт өөр нөхцөл байдал. Ойлгосон хүний амьдрал. Найруулагчаас өгсөн шугам бол хувьсгаалын эсэргүй, гадны гар хөл болсон урвагч Данзанг харуулах байсан байж таарна. Харин киноны кадр бүхэнд үлдсэн Данзан бол дуусан дуустлаа өөртөө итгэлтэй байгаа төрийн зүтгэлтэн. Алдаа оноогүй хүн гэж хаа байхав дээ гэсэн уучлалыг үлдээх гэж цөхөрсөн басхүү чадсан үйлдлүүд. Чухамдаа тэр цагт кино анх дэлгэцнээ гарах үед хэн ч анзаараагүй байх. Цаг төр, үзэл хандлага өөрчлөгдсөнөөс хойш дахин дахин үзэхдээ нэг л зүйлийг бид олж харсан шүү дээ. Данзанг урвасан хулгай төдий байдлаар үзүүлж болох байжээ. Гэвч тэгсэнгүй. Одоо үзэхэд өрөвдмөөр, ганцаардсан, дотроо зөрчилдөж, түүнийгээ ил гаргахгүйг хичээвч алхаа гишгээ, дохио зангаа биеийн хэлээрээ гайхалтай үзүүлж амьдарна. Түүх гэдэг нэгэн цагт худал зохиовч хожим үнэнээрээ л тодорч үлддэг жамтай. Хатуу үнэнийг ухаарч ойлгоогүй тоглогчид худлыг “үнэн” хэмээн итгээд оногдсон дүрээ муйхараар босгоно. Бидний олонх нь цаг үедээ хатуу итгэгчид. Ямар сайндаа л хүүхэд багадаа би хүртэл “Хэрэв тэр үед Данзан ялсан бол бид зовлонгийн далайд унаад муусайн капиталистуудын дарлал дор Их дэлгүүрийн үүдэнд гутал тослоод сууж байх байлаа. Азаар...” энэ тэр гэж үеийнхээ хэдэн нусгайг үнэмштэл нь сурталдаж явсан байхав дээ. Тэгэхээр яавал үнэнийг урьдаас таньж, голчийг мэдэрч дүрийг амьдруулах вэ?
“Унш, унш судал” гэж ирээдүйд тайз, дэлгэцнээ мөнхрөхийг хүсэгчдэд бид бишгүй л хэлдэг. Үг болгож авсан нь үнэндээ тийм ч олон биш. Адгаж яарагчид. Юун уншиж, судлах. Од мод л болмоор байна. Орос хэлэнд ийм нэг хэлц байдаг шүү дээ. “Терпи казак атаманом будешь” / Хасаг эр минь тэвч хожим атаман болно / гэж. Энэ үгийн утгыг ойлгосон цагтаа Данзанг амьдруулж, хожим үзэхэд цочирдмоор улайрсан нэг талын урвасан хулгайг лав бүтээсэнгүй. Цаг үе гэдэг олон талаараа хуурамч юм. Түүнийг ухаарч байж л түүхэн зөрчлийг харуулна. Тэгэхийн тулд судална. Өөр зам өмнө нь ч байгаагүй, одоо ч ялгаагүй. Боловсорно. Тэгэхгүйгээр харцгүй нүд, хоолой хашгирсаар дуусна. Энэ бол хатуу үнэн. Энд л миний гуравдугаар асуултын хариулт бий. Гэхдээ хагас хугас нь.
Дөрөв. Хөхөчү бөө яаж инээдэг гэж санана. Болдогсон бол босож очоод багалзуурдаад авмаар инээд. Хүйтнээс хүйтэн, хойд туйлын сая жил тогтсон мөс шиг хайлж үзээгүй инээд. Өнөө харц, өнөө дуу алдалт, өнөө уучлал эрсэн алхаа, бас тэр бүгдийг нийлүүлсэн инээд. “Атга нөж”-ийг анх үзэхэд надад одоогийнх шиг Драмын театрт үзвэр үнэгүй үздэг үнэмлэх байсангүй. Хожимдож ороод хамгийн арын эгнээнд суугаад үзэж билээ. “Нууц товчоо”-ны Хөхөчүгээс өөр Хөхөчүг Б.Лхагвасүрэн гуай олж харсан байлаа. Гэхдээ тийм хүйтэн инээдийг Б.Лхагвасүрэн гуай бичээгүй гэдэгт итгэлтэй байлаа. Ер нь би буруу яриад байна. Хөхөчүгийн инээд бол инээд биш. Инээмсэглэл юм. Ю.Гагарины инээмсэглэл гэдэг шиг гэрэл цацруулсан, итгэл төрүүлсэн биш л дээ. Барьж тэмтэрч болохооргүй нэг тийм инээмсэглэл. Могой инээмсэглэдэг бол, чоно инээмсэглэдэг бол, матар инээмсэглэдэг бол тийм байх гэж бодогдмоор байлаа. Жүжгийн хэдхэн хэсгийг тэр инээмсэглэл татаад аваад явчихсан санагдана. Тэндээс л миний дотор нэг бүлээн зүйл тог тог хийж, инээд, инээмсэглэл хоёрын ялгааг бодож, яаж дүрээр ялган амьдруулж болохыг анзаарсан юм. Өнөөдөр ч яахав дээ, голдуу л инээдэг л тоглогчид. Бас инээдэг л үзэгчид. Даяараа инээд муутай болчихож. Яавал инээмсэглэлийн нууцад нэвтрэх вэ? Чухам юу бидэнд хэрэгтэй бол хэмээн бодно. Энд л дөрөвдүгээр асуултын минь хариулт бүдэг бадаг харагдана. Мэдээж хагас хугас нь.
Тав. Бадарч “би хүн алаагүй” гэхэд зурагтынхаа дэлгэцэнд нүүрээ наагаад ” чи алсан ш дээ? “хэмээн хорсолтойгоор хашгирдаг байлаа. Эхэндээ би их сэтгэл хөдлөлтэй үзэгч байжээ. Сүүлдээ нь элдэв сайн муу юм үзээд жинхэнэ хөдөлгөөнгүй хүрлийгчдийн нэг болсон л доо. Дотроо бол мэдээж доргиж байгаа л даа. Саруул /Ш.Гүрбазар/, Эрдэнэ /Ц.Төмөрбаатар/ хоёрын өршөөл эрсэн үгс бол яах вэ? Байдаг л текст. Харин Бадарчийн ”тэгээд ч би хүн алаагүй...” жүжигчдийн ярьдгаар ёстой “нааж” байдаг хэдэн өгүүлбэр. Яаж хүний үгийг өөрийн дотроос “галлах” эрдмийг таних вэ, хэдүүлээ. “Жинжиймаа”-гийн хөл муу Сүхээ, “Хүйтэн сэнтий”-н Богд хаан хүний зохиосон биш түүний л хэлсэн үгс мэт сэтгэлд амьдарна. Энд л миний тавдугаар асуултын хариулт цухалзана. Харамсалтай нь хагас хугас нь.
Анх түүнийг дунд сургуулийн сурагч насандаа хаврын ажлаар мод тарихаар явж байхдаа Сансарын туннелийн дэргэд харсан юм. Араас нь дагаад явсан чинь угсармал саарал байшингуудын нэг рүү орчихож билээ. Өмнүүр нь тойрч гүйгээд царайг нь харав. Дараа нь их ойроос, удалгүй мэнд мэдэж, үг солих болов. Тэгээд л ойлгов. ТЭР ТОГЛОЖ БИШ АМЬДАРЧ ЯВАА-ХҮН.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2020-02-10.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn