ӨВӨРХАНГАЙ: 60 гаруй оюутан орон нутагтаа сувилагчаар суралцаж эхэллээ

396


Аймгийн Политехникийн коллежид АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилагчийн хоёр ангийг өнөөдөр нээж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн болон эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, сувилагчид, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, АУ-ны доктор Б.Оюунгоо, Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, сувилахуйн ухааны доктор, дэд профессор В.Даваахүү тэргүүтэй багш нар оролцлоо. Сувилагчийн дипломын боловсрол эзэмшихээр 63 оюутан бүртгүүлсэн байна.  

“Одоогоос 4 сарын өмнө АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Сувилахуйн сургуулийн захирал, АУ-ны доктор Б.Оюунгоо нартай уулзаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал, тэр дотроо сувилагчийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа талаар ярилцан тодорхой санал дэвшүүлсэн маань ийнхүү ажил хэрэг болж байгаад баяртай байна. Энэ бол орон нутагт анх удаа хийгдэж буй онцлох ажил юм” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.

93 жилийн түүхтэй Сувилахуйн сургуульд жил бүр 2000 гаруй оюутан суралцдаг бөгөөд өнөөгийн нөхцөлд хамгийн эрэлт хэрэгцээтэй ажлын байранд мэргэжилтнүүд бэлдэж байгаа учраас Засгийн газар 2,7-оос дээш голч дүнтэй оюутнуудын сургалтын төлбөрийг буцаан олгодог хэмээн захирал Б.Оюунгоо хэлэв. Сувилахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын 80 гаруй хувь нь үнэ төлбөргүй суралцаж байна.

“Өвөрхангай аймагт сувилагчаар суралцах оюутнууд ч тус сургуулийн Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд болон бусад үйл ажиллагаанд хамрагдах бүрэн боломжтой, хэрэв та бүгд үр дүнтэй, амжилттай сайн суралцаж чадвал дараа дараагийн аймгуудад энэ ангийг нээх шийдвэрийг гаргахад нөлөөлнө” хэмээн тэрбээр хэллээ.
Сувилахуйн ангийн оюутнуудад АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нараас гадна аймгийн БОЭТ-ийн 20 эмч, сувилагч хичээл заах аж. 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn