Мал магнаг болж, малчин хүн төр барих цаг дор Монгол хөгжинө

404

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Үнэхээр монголчуудын хамгийн гол баялаг бол мал сүрэг, түүнийг дагасан аж ахуйн салбар мөн гэхэд хэн ч маргахгүй биз ээ.
Магадгүй зарим нэгэн нь уул уурхай, техник технологи энэ тэр гээд маргаж болох. Гэхдээ Монгол туургатан буй болсон цагаас өнөөг хүртэлх аж амьдралын амин сүнс нь мал аж ахуйн салбарт оршиж байсан гэхэд хилсдэхгүй. Урьтал болгон энэ бүгдийг учирлаж буйн шалтгаан нь манайх шиг улс ирээдүйд энэ салбараа л өөд нь татаж, хөгжүүлэх чиглэлд хүчээ шавхмаар байгаа юм. Бидэнд байгаа бодит нөөц, боломж гагцхүү мал аж ахуйн салбарт л буй.
Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, Монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг, хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс гээд тоочоод байвал түмэн зүйлийн үр өгөөж, ашиг тусыг энэ салбараас бид хүртэж байна.
Гэвч хажуудаа байгаа эрдэнээ анзаардаггүй гэдэг шиг монголчууд дээр, дооргүй мал аж ахуйн салбараа мартаад байх шиг. Хөдөөгийн малчид нь хот руу шигдэж, мал аж ахуйн салбарын бодлого алдагдаж, төрийн дэмжлэг энэ салбарт үгүй болов. Хэдэн цөөхөн малчдаа дэмжээд ноос, ноолуурын урамшуулал өгнө гэхээр нийгмээрээ малчдыг зүхэж, “Ямаанд мөнгө тараалаа” хэмээн шүүмжилцгээх.
Ийнхүү ард иргэд нь ч тэр, төр засаг нь ч мал аж ахуйн салбар болоод малчдаа дэмжих чиглэлд дорвитой ойлголт, дөмөгхөн ажил  хийж хэрэгжүүлж чадахгүй өнөөг хүрсэн. Эцэст нь шүлхий, боом, эргүү гээд элдэв төрлийн өвчнөөр мал нь өвчилж, малчид нь ч цөхрөх. Дээрээс нь малын хөлийн татвар авч байгаа нь малын тоо толгой цөөрөхөд хүргэж байгаа юм. Зүй нь салбар яам нь малын эрүүл ахуйн байдалд онцгой анхаарч, вакцинжуулалт хийх, малчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлд дэм тус болмоор байгаа юм.
Монголчууд малаа, малчнаа тойглож, дэмжиж чадвал маш их боломж байгаа нь тодорхой. Хамгийн гол нь манай улсын мал аж ахуйн салбар бусад улс орноос нэг л зүйлээр давуу талтай. Тэр нь бэлчээрийн мал аж ахуй.
 
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АХУЙ БА БОЛОМЖ
 
Орчин үед дэлхийн ихэнх улс орон хүнснийхээ хэрэгцээг хангах шаардлагад шахагдаж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байна. Харин манай улс нүүдлийн өв соёл, бэлчээрийн мал аж ахуйг хадгалан амьдарч байна. Энэ бол бидний хамгийн том боломж. Дэлхийд монгол мал, махыг сурталчлах хамгийн чухал маркетинг. Тиймээс мал аж ахуй эрхэлж байгаа нүүдлийн өв соёл, бэлчээрийн гэх энэ хоёр системийн эерэг сөргийг зөв дүгнэх цаг нь болжээ. Бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлж, уламжлан авч яваа арга технологи буюу агуу мэдлэг ухааныг нь хадгалж байх эрхэм үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээх хүмүүс бол бидний монголчууд. Тэр тусмаа малчид. Иймээс л Монголын төр малчдаа бүх талаас нь дэмжсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлмээр байна. Гэхдээ энэ төрлийн бодлогын баримт бичиг байхгүй биш байгаа. Хамгийн гол нь амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэх нь чухал.
 
ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ САЛБАР БОЛ МАЛ АЖ АХУЙ
 
Уул уурхай бол шавхагдана. Харин мал аж ахуйн салбар бол үржиж, нөхөгддөг. Ийм ч утгаараа монголчууд ирээдүй хойчоо бодоод мал, малчнаа дэмжиж, хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм. Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох ч боломж байна. Ганцхан дүн мэдээ энд дурдъя. Хөдөө аж ахуйн салбар 2021 онд 5.8 хувийн өсөлттэй гарч, нийт ДНБ-ий 12.8 хувийг эзэлсэн нь энэ салбарт ямар их нөөц боломж байгааг илтгэсэн хэрэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлогод тусгасны дагуу эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборуудыг бий болгохоор ажиллаж байгаа юм билээ. Сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь бодит ажил болгон хэрэгжүүлэх нь л чухал. Монгол Улсад малын тоо толгой багадаагүй. Харин малаас хүртэх ашиг шим, түүхий эдээ бүрэн боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн  болгох, дотоодын зах зээлээ бүрэн хангаж, гадаад улс руу экспортлох нь гол асуудал юм.
Манай улсад 2021 онд 67.1 сая тоо толгой (4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30 сая хонь, 27.7 сая ямаа) мал тоологджээ. Мал сүргийн тоо толгой өсөхийн хэрээр эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн малыг сонгон үржүүлэх сонирхол нэмэгдэж байна. Тэр дундаа сүү, махны болон хосолмол ашиг шимт үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллавал тунч олон хүн ажлын байраар хангагдаж, орлоготой болохоор байна. Үүний хэрээр эрүүл хоол хүнсний бүтээгдэхүүнээр ч иргэд үйлчлүүлэх сайн талтай.
Засгийн газраас энэ чиглэлийг дэмжсэн нэг сайн жишээг дурдъя.  Сүүний тухайд гэхэд Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор урамшуулал олгох журмыг батлуулж, сүү боловсруулах үйлдвэр, цехэд малын түүхий сүү тушаасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгохоор журамласан байдаг. Улмаар 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сар, 2021 оны эхний улиралд нийт 8.5 сая литр түүхий сүүг боловсруулах үйлдвэр тушааж, хоёр мянга  гаруй малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд 4.11 тэрбум төгрөг олгосон байна. Энэ бол цаашид экспортод чиглэсэн үйлдвэрлэлд чухал дэмжлэг болох үндэс суурь. Мал аж ахуйн салбарыг төрөөс дэмжиж буй сайн жишиг. Яг л үүний жишгээр бүхий л талаар малчдыг дэмжээд өгвөл  урам орж, улам ихийг хийж бүтээнэ дээ.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хувьд экспортын тэргүүлэх чиглэл нь ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн байдаг. Мэдээж үүний зэрэгцээ Монгол орны гол давуу тал болсон мал аж ахуйдаа суурилаад мах, махан бүтээгдэхүүний экспортыг хамт авч явах хэрэгтэй. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын статистикаар 2020 оны эцсийн байдлаар нэхмэлийн салбарын нийт экспорт 279.5 сая ам.доллараар хэмжигдэж байгаа. Энэ бол цар тахалтай холбоотой 35 хувиар буурсан үзүүлэлт. Хэрэв нөхцөл байдал хэвийн болж, үйлдвэрлэл, түүхий эд боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх зэргээр тэргүүлэх чиглэлээ хөгжүүлээд явбал бидэнд нөөц боломж маш их байна. Тэр дундаа монгол малын мах дэлхийд брэнд болох бүрэн боломжтой. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манайх шиг улс дэлхийн тун цөөхөн. Энэ боол бидний боломж. Малаа магнаг болгож, малчнаараа төрөө удирдуулсан цаг дор монголчуудын хувь заяа, хөгжил дэвшил өөдөө мандан бадрах нь гарцаагүй билээ.
С.БАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn