Өвөрхангайн бөхчүүд шөвгийн наймд үлдлээ
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос “SBS” телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны зургаа дахь өдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай таарч барилдан илт давуу буюу 22:3-аар ялж, шигшээ наймд шалгарч, шагналын таван сая төгрөгөө гардлаа.
Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга дөрвөн даваа, улсын харцага Б.Цэдэнсодном таван даваа, улсын харцага Ц.Бямба-Отгон таван даваа, улсын начин Б.Лхагвадорж даваа авч чадаагүй. Харин аймгийн хурц арслан О.Наранбаатар таван даваа, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ гурван даваа авлаа.
Улаанбаатар хотын багийн улсын начин Б.Бадамсүрэн хоёр даваа, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ нэг даваа, аймгийн арслан Ч.Мөнхтогтох, аймгийн заан М.Даваасүрэн , аймгийн харцага Э.Ширнэн нар даваа авч чадаагүй байна. Сэлгээнд аймгийн арслан Л.Батсайхан барилдах байсан ч гэмтлийн улмаас энэ удаагийн барилдаанд оролцоогүй юм.