Б.Чинзориг: Өөр газар орох гэхээр Хөгжлийн Банк гэж сонсоод л ажилд авахаа больдог юм байна лээ

309

Хөгжлийн Банкны ахлах хуульчаар ажиллаж байсан Б.Чинзориг мэдүүлэг өгч байна. 
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгчээр татсан байдаг. 
Тэрбээр мэдүүлэг өгөхдөө "Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, буруу зүйл хийгээгүй, авлига аваагүй. Надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил, улс төрийн нөлөө байгаагүй. Гэтэл Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон. 
Эргээд бидэнд ч сонин байгаа зүйл бий. Тэгвэл "Одоо надад юу байгаа юм бэ?”, “Юу авсан юм бэ?” гэдэг асуулт. Надад өнөөдөр юу ч байхгүй, мөнгө байхгүй.
Анх 2012 онд Хөгжлийн Банк дөнгөж байгуулагдаж байх үед ажилд орж байлаа. Тухайн үед цалин нь 100-200 мянгаар илүү байсан учраас ажилд орсон. Энэ хугацаандаа хуульчаар ажилласан, ахлах хуульч болсон, ёс зүйн хорооны гишүүнээр нэг удаа томилогдсон. Улмаар 2022 онд ажлаасаа халагдсан. 
2022 он хүртэл цалингаараа хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод явж байсан. Ажлаас халагдсаны дараа нэг жилийн дотор амьдрал доошоо орсон. Өөр газар орох гэхээр Хөгжлийн Банк гэж сонсоод л ажилд авахаа больдог юм байна лээ.
Би Хөгжлийн Банканд ажиллаж байсандаа маш их харамсаж байна. Яах гэж ийшээ оров. Гадааддаа аяга, тавгаа угаагаад явж байсан нь хамгийн зөв байж дээ. 2003 онд 1,600 еврогийн цалин авдаг байсан. Тэндээ л байж байхгүй яав. Юун Монгол Улсын төлөө, төрийн төлөө зүтгэх. Төрийн төлөө оготно болж, үхэх гэж байгаагаа мэдэхгүй" хэмээн хэллээ. 
Үргэлжлүүлэн "Тэгвэл би чухам юу хийсэн бэ? гэх асуудал байгаа. 
Хөгжлийн Банканд ажиллаж байхдаа хууль зүйн дүгнэлт хянасан үйлдэлд буруутгаж байна. Миний хууль зүйн дүгнэлт хянасан үйлдэл нь зээлээ төлөөгүйтэй холбоотой мэтээр тайлбарлаад гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа юм. 
Түүнчлэн “Бэрэн групп” компанийн эргэлтийн хөрөнгийн зээл, өмнө нь авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудалд хуулийн шаардлага хангаагүй байхад нь хангасан гэж бичсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн Банкны тухай хуулийн шаардлага хангаагүй, зээлийн бодлогын шаардлага хангаагүй байхад нь хангасан гэж бичсэн гэж буруутгасан. Мэргэжлийн олон хуульч энд иржээ. Та бүхэн мэдэх байх. 
“Зээлийн бодлогын шаардлага хангаагүй байхад Хөгжлийн Банкны тухай хуулийн шаардлага хангасан гэж бичсэн. Энэ юу гэсэн үг юм бэ? Зээлийн бодлогын шаардлага хангаагүй нь Хөгжлийн Банкны тухай хуулийн шаардлага хангахтай ямар ч хамаагүй асуудал. 
Харин ч би зээлийн бодлого хангаагүйг нь бичсэн. Хууль зүйн дүгнэлтээрээ болохгүйг нь бичсэн байгаа. Гэтэл “хангасан байна” гэж бичсэн хэсгийг нь тастаж аваад буруутгадаг. Хууль зүйн дүгнэлт чинь өөрөө зургаан хуудас материал. Үүнээс "хангасан" гэх бичигтэй ганц хуудсыг нь тастаж аваад явсан. Хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хараагүй. Би болохгүй зүйлсийг нь маш их бичсэн” гэж мэдүүлэгтээ дурдав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn