УЛС ТӨР ЭРЭН СУРВАЛЖЛАХ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ЭДИЙН ЗАСАГ ДЭЛХИЙ ДАХИНД СОЁЛ УРЛАГ ЯРИЛЦЛАГА ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ КОВИД-19 ЭРГЭЛТИЙН ДУРАН ОРЧУУЛАГЧ ЭМЭГТЭЙН ХҮҮ: “Эйч Кэ би интернэшнл холдинг” хятад компанийнхан ээжийн минь үхлийг нуун дарагдуулж, ар гэр

459

Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 километр замын засварын ажлыг хийж буй “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн орчуулагч эмэгтэй зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 5-ны 06.00 цагийн орчимд зам засварын ажил хийж байсан Хятад Улсын иргэн Х нь бусдын машиныг зөвшөөрөлгүйгээр унаж, орчуулагч бүсгүйн аминд хүрчээ. Ослын талаарх мэдээллийг ар гэрийнхэнд хэлэлгүй нуун дарагдуулж, монгол эмэгтэйн амийг үнэгүйдүүлсэнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Осол гаргасан жолооч тус хятад компанид удирдах албан тушаалтай, хөрөнгө оруулагч байсан байж болзошгүй гэнэ.
Ослын улмаас амиа алдсан талийгаач М нь 49 настай, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байжээ. Тэрээр хятад хэлтэй бөгөөд тус компанид орчуулагч, зохион байгуулагчаар ажилладаг байсан аж.
Бид талийгаач М-ийн хүү М.Мөнхжинтэй ярилцлаа.
-Ээж тань тус компанид хэзээ ажилд орсон байсан бэ?
        -Миний ээж “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн хятад иргэдтэй өнгөрсөн 2012, 2013 оноос хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Тус компани нь Яармагийн замын гүйцэтгэгчээр ажилласан юм. Тэр үед ээж тус компанийн орчуулагчаар ажилласан. Ганцхан орчуулагч бус нярав, нягтлан, зохион байгуулагч зэрэг Монгол дахь бүхий л ажлыг нь амжуулдаг байсан юм. Тэгээд Яармагийн замын ажил дуусаж хятадууд эх орон руугаа буцсан байсан. Энэ хугацаанд ээж минь хувиараа бизнес эрхэлж, 14 настай охиноо, өндөр настай аав, ээжийгээ, миний хоёр хүүхдийг тэжээдэг байлаа. Хэдийгээр хятадууд эх орон руугаа буцсан байсан ч гэсэн тэд ажил хэргийн шугамаар ээжтэй минь холбоотой байсан юм билээ. Цар тахлаас болоод ирж чадахгүй байгаагаа удаа дараа хэлсэн байсан. Тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд хятадууд Монголд ирж, ээж минь онгоцны буудлаас тосож аваад, Өвөрхангай аймгийн зам засварын ажил руу явцгаасан. Ээж урьдын адил орчуулагч, нярав, нягтлан, зохион байгуулагчийн ажлаа давхар хийж байсан. Эндэх зам засварын ажил нь явагдаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээгээр олон тооны хятад хүнийг авчирсан юм билээ. Ээж энэ компанийн үндсэн ажилтан байсан.
-Ослын талаарх мэдээллийг тодорхой өгч болох уу?
           -Тавдугаар сарын 5-ны 15:00 цагийн орчимд эхнэр маань залгаад “Ээжид ямар нэг муу юм болсон юм шиг байна, чи хүрээд ир” гээд ажлаасаа минь дуудсан. Би сандарсандаа ажлаасаа ирээд, юу болсныг лавлаж, хүмүүс рүү залгасан. Ээж рүү залгахад хоёр утас нь холбогдохгүй байсан. Тэгээд компанийнх нь хүмүүс рүү залгахад ч утсаа аваагүй, бидэнд ямар нэг зүйл хэлээгүй. Ээжид муу юм болсныг яаж мэдсэн бэ гэхээр манай хадам ээж тус газарт тогоочоор ажилладаг юм. Тэгээд манай эхнэр рүү залгаж “Ээж чинь замын осолд орчихсон байна. Та нар хурдан ир” гэж хэлсэн юм шиг байна лээ. Би өвөө, эмээ хоёрт юу ч хэлээгүй “Та хоёр санаа зоволтгүй байж байгаарай. Би Өвөрхангай явчихаад ирье” гээд гэрээсээ гарсан. Би үнэндээ ээжийгээ нас барчихсан гэдэгт итгээгүй. Замдаа явж байхдаа Өвөрхангай аймгийн цагдаагийн газартай холбогдож, “М гэх эмэгтэй замын осолд орж нас барсан уу” гэж асуусан. Миний урдаас “Бид шалгачихаад эргээд хариу хэлнэ” гээд утсаа салгасан. Тэгээд замдаа явж байхдаа хадам ээжтэй утсаар яриад, холбогдох хүмүүс рүү нь залгаж, ээжийнхээ талаар тодруулсаар л байсан. Замын талд явж байхад  “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн Өвөрхангай аймгийн зам засварын ХАБ гэх хүн холбогдож, “Муу зүйл болсон шүү. Сэтгэл санаагаа бэлдээрэй” гэж хэлсэн. Тэгээд тэр хүний утас дахиж холбогдоогүй. Би шөнөжин давхисаар байгаад ээжийн байрлаж байсан газар ирсэн. Очиход миний ээж үнэхээр байгаагүй. Очоод хадам ээжтэй уулзаж, болсон үйл явдлыг сонсоод багахан итгэсэн. БНХАУ-ын иргэн Х автомашин жолоодож яваад осол гаргаж, миний ээж амиа алдсан байсан. Намайг Өвөрхангай очих хүртэл цагдаагийн газраас, компанийн зүгээс ч хэн нь ч ээжийн минь ослын талаар хэлээгүй. Тэд зохион байгуулалттайгаар ослыг нуун дарагдуулж, ар гэрийнхэнд нь хэлээгүй. Бүтэн 10 цаг болоход яагаад ар гэрийнхэнд хэлээгүй вэ гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байна. Цагдаагийн газарт очиход намайг “хүлээж бай” л гээд байсан.
-Осол гаргасан жолооч нь ямар албан тушаалтай хүн юм бэ. Ямар ажлаар машин жолоодож явсан юм бол?
           -Зам засварын нэг баазаас нөгөө бааз руугаа хуралд суухаар явж байсан гэнэ лээ. Осол гаргасан жолооч нь Монголд ирээд удаагүй байгаа, жолоо барих эрхгүй, тус компанийн талбайн инеженер, удирдах албан тушаал хашдаг хүн гэсэн. Хамгийн аймшигтай нь, гурван хятад эхлээд өөр машинаар явсан юм билээ. Тэгээд замдаа дугуй нь хагараад буцаж бааз дээрээ очсон гэсэн. Ингээд Монгол жолооч Г гэх хүн “Гранд марк” автомашинаараа тэр гурван хүнийг, ээжийг аваад машины дугуй засварлахаар явсан байгаа юм. Ээж бүх л ажилд нь дайчлагддаг учраас үг дуугүй дагаад явсан байх. Дарга нь “Дугуй хагарчихлаа. Чи бидэнтэй хурал руу хамт яв” гэхэд юу гэж үгүй гэж хэлэх билээ дээ. Эндээс ээж ажлын цаггүй, тушаал биелүүлэх ёстой, ямар ч хамаагүй ажлыг нь хийдэг гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Тэгээд хагарсан дугуй засварлаж байх хооронд хятад эрэгтэй Х нь монгол жолоочийн машиныг хэлэхгүйгээр дур мэдэж унаад яваад өгсөн байгаа юм. Ингэж яваад л осол гаргасан. Маш хурдтай явж байсан юм билээ.
-Ослын талаарх дуудлагыг хэн өгсөн байдаг юм бэ?
          -Говь-Алтайгаас явж байсан портер машины жолооч ослын дуудлагыг өгсөн байна лээ. Тэр хүнийг явж байхад осол гарсан гэсэн. Гэрчийн хэлснээр “Автомашин 140, 150 км цагийн хурдтай явж байсан байх. “Ямар хурдтай явж байна” гэж бодож дуусаагүй байхад л осол гарсан. Дэржигнүүртэй сайжруулсан зам дээр явж байгаа машины эхний үсрэлтээр нэг эмэгтэй шидэгдэж, агаарт явж байгааг харсан. Дараа машин дөрөв, таван удаа эргэлдэж, онхолдсон” гэсэн байна лээ. Ээж хол шидэгдэж, газар дээрээ амьсгал хураасан. Жолооч нь эмнэлэгт хүргэгдсэн гэсэн.
-Та осол гаргасан жолоочтой уулзсан уу. Биеийн байдал нь ямар байгаа вэ?
           -Өвөрхангайд байхдаа хайсаар байгаад очиж уулзсан. Гар, мөр нь шалбарсан байна лээ. Бусдаар бие нь зүгээр гэсэн. Намайг очиход ютүбээр бичлэг үзээд, орчуулагчаараа дамжуулаад “Энд тамхи татаж болох уу” гээд инээлдээд хэвтэж байсан. Ямар ч цочрол, сэтгэл санаагаар унасан зүйлгүй байж байна лээ. Тэгээд надад “Танай ээж бид хоёр ажил хэргийн найзууд. Надад их тус болдог байсан” гэх мэт зүйл ярьсан. Хүний урманд гэмшсэн царай гаргаж, надаас уучлалт гуйгаагүй. Бэртлийн гэмтэл нь хөнгөн байхад тэр хүнийг цагдан хорихгүй эмнэлэгт асруулаад байлгаж байгаа нь байж боломгүй зүйл.
            -Цогц таних ажиллагаанд та оролцсон уу?
-Тийм ээ, миний ээжийн нүүрнээс бусад нь хөхөрч, няцарсан байна лээ. Биед нь шарх, сорви маш их байсан. Цагдаагийн газраас энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө байх гэдэгт найдаж байна. Гэхдээ үр хүүхдэд нь хэргийн талаар хэлэхгүй 10 цаг болж байгаа хүмүүст тийм ч их итгэхгүй байгаа.
            -Өмгөөлөгч авсан уу?
-Авсан. Өмгөөлөгчөөрөө дамжуулж осол гаргасан жолоочид хилийн хориг тавиулах хүсэлт тавьсан. Хилээр гараад зугтаачих вий, миний ээжийн амь нас үнэгүйдэх вий гэхээс үнэхээр айж байна.
-“Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн удирдлагуудын зүгээс та бүхэнтэй ирж уулзсан уу?
          -Уулзаагүй, эмгэнэл ч илэрхийлээгүй. Би Өвөрхангайгаас ирээд, компанийнх нь байранд очиж уулзсан. “Оршуулгын зардлаа гаргуулахын тулд заавал баримт авчирч өг, үгүй бол манай санхүү гаргаж өгөх боломжгүй” гэж захирал Жан гэх нь хэлсэн. Миний ээж нас барчихсан, миний жаахан дүү өнчирч үлдчихээд байхад тэд биднээс санхүүгийн баримт нэхээд байж байна лээ. Тийм учраас би тэдэнтэй дахиж уулзаагүй. Явах газраар нь хөлөө хүрэх газар хүртэл явж, шийдүүлнэ. Миний ээж ажлын талбар дээрээ, ажлаа хийж яваад амиа алдсан шүү. Гэтэл Жан гэх захирал бүх бурууг тэр жолооч руу чихээд өнгөрөх бодолтой байх шиг байна лээ. Мөн компанийн нэр хүндээ хайрлаж, унагаж болохгүй талаараа ч хэлж байна лээ. Энэ бол үнэхээр аймшигтай доромжлол, харгислал. Бид маш их гомдолтой байна. Машин хулгайлж, орчуулагчийнхаа амийг эрсдүүлсэн ажилтнаа хаацайлж буй “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-иас тайлбар шаардаж байна.
-Ээжтэйгээ хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ?
-Хэрэг гарахын өмнөх орой нь яриад унтсан. Бүх зүйл хэвийн байсан.

“Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн захирал ЖАН: ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ МАНАЙ КОМПАНИЙН ҮНДСЭН АЖИЛТАН БИШ. НАЙЗТАЙГАА ОЧСОН БАЙСАН

          Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийг зорилоо. Бидэнд олдсон мэдээллээр осол гаргасан хятад жолооч н “Буруу хүрдтэй машин барьж үзэхийг хүсэж байгаагаа” ажилтнууддаа байнга ярьдаг байсан аж. Ийм учраас тэрбээр монгол ажилтныхаа автомашиныг зөвшөөрөлгүйгээр унаж, монгол эмэгтэйн аминд хүрсэн байж болзошгүй гэнэ.
Биднийг тус компанийн үүдэнд очиход харуул нь зураг, дүрс бичлэг хийхийг хориглож, холбогдох албан тушаалтанг дуудсан юм. Мөн тэнд байсан монгол ажилтнууд “Захирал ослын талаар мэдэхгүй байгаа. Тиймээс танилцуулчихаад эргээд холбогдоно” гэв.
         Харин тус компанийн захирал ЖАН-тай үүдэнд таарч цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр “Талийгаач эмэгтэйн араас харамсаж, гашуудаж байна. Амралтын өдөр таарсан учраас бид эмгэнэл илэрхийлж, очиж уулзаж чадаагүй. Харин оршуулгын зардал болох 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн цаашид туслах ёстой зүйлээрээ туслаад явах болно. Осол гаргасан жолооч нь хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон Хятад Улсын иргэн. Машин нь түрээсийнх байсан. Юунаас болж осол гарсныг цагдаагийн байгууллага тогтоох байх. Амиа алдсан эмэгтэй нь манай үндсэн ажилтан биш. Найзаараа дамжуулж зам засварын талбай дээр очсон байсан юм билээ. Хэдийгээр манай үндсэн ажилтан биш ч гэлээ бид сайхан сэтгэлээр тусалж байгаа. Одоогийн байдлаар зам засварын ажил хэвийн явагдаж байгаа. Сүлжээгүй болохоор олигтой мэдээлэл авч чадаагүй байна” гэлээ.
Монгол эмэгтэйн амь үнэгүйдэж, үндсэн ажилтан биш гэх шалтгаанаар тус компанийнхан, тус компанийн хятад захирал нь уснаас хуурай гарахаар улайрч байна. Мөн ар гэрийнхэнд тусламж өгсөн хэмээн худал ярьж, хууран мэхэлж байна.
Бид үргэлжлүүлэн энэ талаар сурвалжлах болно
https://ergelt.mn/news/59/single/20930
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn