Хаус хорооллын барилгууд үерийн усанд автжээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хаус хорооллын барилгууд үерийн усанд автлаа гэсэн гомдол мэдээлэд иргэдээс ирсний дагуу аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгалт хийлээ.
Энэ сард байн байн орж буй хүчтэй борооны улмаас Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд иргэд, байгууллагуудын барьж байгаа хаус хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгааны ил монтаж, цэвэр ус, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээний лотки, худгууд суулт өгч, үерийн ус, лаг шавраар дүүрсэн байна.
Ажлын хэсгээс тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийж, үерийн усыг шавхан, лаг шаврыг цэвэрлэх, шугам сүлжээг засварлан, мөн үерээс хамгаалсан далан шуудууг технологийн дагуу яаралтай хийх талаар заавар зөвлөмжийг өглөө.
Мөн “Онги ус суваг” ОНӨААТҮГ, “Өндөр сант” ХХК, Арвайхээр ТҮК, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК-ийн Өвөрхангай салбарт далан сувгийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсний дагуу үерээс хамгаалах суваг, далангийн ажил хийгдэж байна.
https://montsame.mn/mn/read/232545