Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1726211537_459498771_1093702068985449_7066980865231664406_n.jpg)
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.
![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1726211610_459685939_1093702095652113_6123452892690843560_n.jpg)
![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1726211554_459508225_1093702128985443_5911276582945196537_n.jpg)
EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.
![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1726211584_459498084_1093702075652115_1542855622140296192_n.jpg)
Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 км хоолой гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1726211599_459595452_1093702088985447_3326068985543201441_n.jpg)
![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1726211614_459482736_1093702122318777_8880017019846416165_n.jpg)