ТӨСӨВ-2025: Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг улсын төсөвт орлого оруулж, бусад нь 527.8 тэрбум төгрөгийн ТАТААС авна

143

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар өнөөдөр нээлтээ хийх энэ удаагийн намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.
Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд бид аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж буй юм.
Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн суурь орлого, зарлагын саналыг Сангийн яам хянаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
•Орон нутгийн 2025 оны суурь орлогыг өмнөх оноос 1,101.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,366,1 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 964.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 4,830.6 тэрбум төгрөгөөр тус тус төсөвлөсөн байна.
•Орон нутгийн төсвөөс улсын төсөв төвлөрүүлэх дүнг 2024 оноос 307.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,903,1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Төсөв бүрдүүлэх аймгуудад Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг багтаж байна.
Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн дээрх аймгуудаас бусад аймгуудад 527.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг улсын төсвөөс олгохоор төлөвлөжээ.
АУДИТЫН ДҮГНЭЛТ: НЗДТГ Шинэ жилийн баярын цэнгүүн, ОУ-ын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн
Монгол Улсын 2025 оны орон нутгийн суурь зардалд төлөвлөгдсөн доорх зардлыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу дараагийн аудитаар хянах шаардлагатай байна. Үүнд:
•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад байгууллагын чиг үүрэгтэй давхцуулж төлөвлөсөн 1.4 тэрбум, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мэдээ дата боловсруулах систем, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлага хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэг санхүү бүртгэлтэй холбоотой зах зээлийн үнээс өндөр 1.1 тэрбум, бүтээлч хот төсөл, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 1.9 тэрбум төгрөг нийт 4.4 тэрбум төгрөг төлөвлөсөн;
•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 онд шинээр ашиглалтад орох 38 сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 6.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ч 2025 онд ашиглалтад орох эсэх нь нотлох баримтаар дэмжигдээгүй;
•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ, олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn