Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

559


Унци алтны өчигдрийн хаалтын ханш 1973.07 ам.доллар байв. Хэдхэн өдрийн өмнө 1984 долларт хүрч түүхэн дээд үнэ тогтоосноо бодвол бага зэрэг буураад байгаа нь энэ. Ер нь ямар ч эрсдэлтэй үед хөрөнгө оруулагчдын мөнгөө хадгалах найдвартай арга нь алт байсаар ирсэн. Мэдээж ямар ч металл, түүхий эдийн үнэ эрэлт нийлүүлэлтээс хамаардаг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн хүнд сорилтоор коронавирус цар тахлыг нэрлээд байгаа. Тиймээс хэн ч өмнө нь тулгарч байгаагүй энэ сорилтын үед сэтгэл нь түгшсэн хөрөнгө оруулагчид аль нэг компанид биш гулдмай алтанд илүүтэй итгэж байна. Тиймээс огцом нэмэгдэж байгаа алтны эрэлтээс шалтгаалж үнэ нь цагаар хэлбэлзэж байна, гэхдээ тууштай өссөөр байгаа юм. 
Алтны үнэ хамгийн өндөртөө хүрсэн нь одоогоос есөн жилийн өмнө юм. 2011 оны есдүгээр зургаанд алтны ханш унци нь 1921.41 ам.долларт хүрсэн. Гэхдээ тухайн үе бол өнөөдрийн нөхцлөөс тэс өөр байсан. АНУ-ын 2007-2010 оны санхүүгийн хямралаас үүсэн эдийн засгийн тодорхойгүй байдал дэлхийн бусад улс орнуудад тархсан байв. Хөрөнгө оруулагчид мөн л эрсдэлээс сэргийлж үл хөдлөх хөрөнгө, хувьцаа гэх мэт уламжлалт хөрөнгө оруулалтыг тоохоо больж үнэт металлд мөнгөө шахсан юм. Үүнээс болж Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл бүхэлдээ уналтад оров. Зэрэгцээд Грек, Ирланд, Португал зэрэг Европын зарим орнуудад их өрийн хэмжээ асуудал дагуулж эхлэв.  
Дэлхийн хамгийн том алтны хэрэглэгч болох Энэтхэг, Хятад улсад үнэт металлын эрэлт нэмэгдсэн. Түүгээр ч зогсохгүй үйлдвэрлэгч орнууд өөрсдөө алтаа буцааж худалдан авч эхлэв. Орос, Герман гэх мэт. Энэ бол олон улсын айдсыг илтгэсэн явдал болсон юм. Энэтхэгийн Засгийн газар нөөцийнхөө ихэнх хэсгийг алт болгон хөрвүүлнэ гэсэн мэдээлэл гарч байв. 
Энэ бүх үйл явдал алтны үнийг 2011 оныхоос хэтрүүлж болохгүйг сануулж байгаа юм. Тухайн үед үүссэн хямрал сайжирахын хэрээр алтны ханш гуравхан сарын дотор 10 хувиар унаж орхисон. Тухайн үед хөрөнгө оруулагчид алтны хэмжээ 2000 ам.доллараас давж гарна гэж таамаглаж байсан. Гэвч тэд хөөсөрсөн үнэнд итгэсэн юм. Эдийн засаг сайжирч, алтны үнэ хэсэг хугацаанд огцом унасан. Тодруулбал, 2012 оны тавдугаар сард нэг унци нь 1548 ам.доллар, 2013 оны долоодугаар сард нэг унци нь 1,245 ам.доллар, 2016 оны нэгдүгээр сард 1078 ам.доллар болж хамгийн доод түвшиндээ хүрсэн юм. 
Энэ алдааг давтахгүйн тулд хөрөнгө оруулагчдад хувьцаа, өмч хөрөнгө зэрэг илүү ээлтэй өгөөжийг санал болгосоор ирсэн. Гэвч коронавирусын нөлөө хөрөнгө оруулагчдын сэтгэлийг үнэхээр түгшээж байна. Тэд дахиад л алт руу хошуурч эхэллээ. Есөн жилийн өмнөх түүх давтагдчихаад явж байна. Алтны үнэ 2011 оныхоос даваад гарчихлаа, тун удахгүй 2000 ам.долларт хүрнэ гэсэн таамаг байна, тэр тоо ч тун ойрхон ирчихлээ. 
Ямартай ч хөрөнгийн зах зээлийн судлаачид алтны үнийн хэлбэлзлийг маш анхааралтай ажиглаж байхыг санал болгосоор байна. Лондонгийн металлын биржийн ханшаар тооцоолоход энэ оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс алтны үнэ 30 гаруй хувиар өссөн байгаа билээ. 
 
Б.ТөгсЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn