Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

8

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4.9 тэрбум ам.доллар давж, жилийн өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгдээд байна.
Албан нөөц нэмэгдэхэд экспортын орлого болон Монгол Улс руу орж ирэх ам.долларын урсгал сайжирсан нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, экспортын орлого аравдугаар сарын эцэст 13.4 тэрбум ам.долларт хүрч жилийн өмнөхөөс 800 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна. Нийт экспортын 55 хувь нь чулуун нүүрс, 19.8 хувь зэсийн баяжмал, 6 хувь алтны экспорт бүрдүүлж байна. Оны эцэст уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспорт үргэлжлэн өсөн төлөвтэй байна.
Мөн саяхан Улаанбаатар хот олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг 7.75 хувийн хүүтэйгээр амжилттай босгосон билээ. Уг санхүүжилтийг Монголбанкинд нээсэн Улаанбаатар хотын дансанд хүлээн авна гэдгээ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн бөгөөд гадаад валютын улсын нөөц нэмэгдэхэд чухал нөлөөлтэйг тодотгож байсан.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Fitch, Moody's зэрэг байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой В болгон ахиулсан. Улсын зээлжих зэрэглэл сайжирсантай холбоотойгоор арилжааны банкуудын зэрэглэл ч мөн ахиж, олон улсын зах зээлээс хямд эх үүсвэртэй бизнесийн болон ногоон зээл татаж эхлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн гзраас хэрэгжүүлэх том төслүүдтэй холбоотойгоор Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт бий.
Оны эцэст гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар давна гэдгийг албан эх сурвалжууд мэдээллээ.
Дашрамд дурахад, Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд:
Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активаас бүрдэнэ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn