Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц тийм ч хангалттай байгаагүй учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудалд арга хэмжээ авахаа хуралдааны эхэнд мэдэгдэв. Тэрээр “Чуулгандаа ирдэггүй гишүүдэд хариуцлага тооцно. Хуралдаа тогтмол оролцдог гишүүдийг урамшуулна. Гэхдээ энэ нь мөнгөн урамшуулал биш. Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж бодож байгаа. Урдуур суучихаад хамаг суудал хоосон орхидог энэ байдлыг ч засна гэсэн үг” гэлээ. Ээлжит бус хуралдааны протоколоос тоймлон хүргэж байна.