АНУ Украинд үзүүлэх цэргийн зарим тусламжаа зогсооно

Америкийн зүгээс Украинд үзүүлэх хэсэг бүлэг цэргийн тусламжаа зогсоосныг Америкийн цагаан орон, Пентагон долдугаар сарын 1-нд нотолжээ. Америкийн зэр зэвсгийн нөөц хэт бууралтад орж байгаагаас болж энэхүү алхмыг хийсэн гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Америкийн Батлан хамгаалахын дэд сайд Элбриж Колби мэдэгдэл гаргаж, Пентагон Засгийн газрын батлан хамгаалахын тэргүүлэх чиглэл болон бэлэн байдлыг хадгалахын зэрэгцээ Украин дахь мөргөлдөөнийг зогсоох зорилгод нийцүүлэхийн тулд Украинд хэрхэн цэргийн тусламж үзүүлж байгаа талаар хатуу хяналт шалгалт, зохицуулалт хийж байна гэв.
Мөн хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Америкийн зэвсгийн агуулахыг шалгах тушаал гаргасан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Украинд үзүүлсэн цэргийн тусламжаас гадна Америк сүүлийн үед Йемен дэх Хутигийн зэвсэгт хүчинд агаараас цохилт өгөх, мөн Израильд зэвсэг нийлүүлж, Иранд агаараас цохилт өгөхөд оролцсоны улмаас зэвсгийн нөөц хурдацтай буурчээ.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, 2022 оны 2-р сард Украины хямрал хурцадсанаас хойш Америкийн зүгээс Украинд 66 тэрбум орчим ам.долларын зэвсэг, цэргийн тусламж үзүүлээд байгаа гэнэ.
Г.Бямба