Морьтон Монголчууд морио унах уу? мотоцикл хөлөглөх үү?

580

Төрийнхөө сүлдэнд тахиж мөнхөлсөн молор эрдэнэ толгойтой, морин эрдэнэ хүлэг унаатай заяасан монгол малчин, нүүдэлчин ард түмэн бид хэдэн арван зууны туршид таван эрдэнэ мал сүргийн нэгэн, халуун хошуут адуу, морио унаж, малаан адгуулан маллаж, түүгээрээ байнгын ажилтай, амьдралын баталгаатай явж ирсэн түүхэн их хувь заяатай улс билээ. Дэлхий нийтийн дэвшил, хөгжлийн явцад шинжлэх ухаан техник хөгжихийн хирээр нүүдэлчин, малчин Монгол орон ирэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн ахалж техникжиж, соёлжиж, зохих ёсоор хөгжиж, мал аж ахуйн орноос, аж үйлдвэр, ХАА-н орон болон хөгжиж байгаа нь бахархам сайн талтай ч хөдөө нутгийн малчин түмэн мотоциклоор малаа малладаг болоод багагүй хугацаа өнгөрч байгааг хүмүүс хаа сайгүй халаглан, харамсан ярьцгаах болов. Одоо хөдөөд гаднаа авто машин, трактор, мотоциклгүй айл байхгүй болсон. Энэ нь малчин айл өрхийн амьдрал ахуй нь сайжирч байгаа сайн талтай ч мотоциклоор мал маллаж, ахуйтайгаа хүлэг сайхан мориныхоо адил хэмжээнд харьцдаг болсон нь монгол малчин хүний үндэсний сайхан уламжлал алдагдахад хүрээд байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хятад мотоциклийг хилээр олон мянгаар нь оруулж ирж малчдад худалдаж, худалдан авч байгаагаас залуу малчид морио унахаас илүү мотоцикл өргөнөөр унаж, мал маллаж байгааг хүн бүхэн сайн мэдэж байна. За яахав, ажил төрөл түргэн шиг амьжуулахад мотоцикл унаад ухас хийхэд залуучуудад хурдан нь сайн талтай байлгүй л яахав. Нөгөө талаар хөгжлөө дагаад залуу хүмүүс техникээр гангарах гэсэн оргилуун хүсэл ч байдаг л байх. Гэхдээ л мотоцикл уначихаад уурга бариад малаа эргүүлж, тойруулж, тууж яваа харагдах нь нэг л бишээ! Мал техник хоёрын харьцаа яагаад ч зохицохгүй байна. Өнөөгийн залуу малчид малаа хариулан, дагаж маллах нь эрс багассан. Хонио бэлчээчихээд алсаас дурандаж суух болсон. Холдоод явах буюу далд орох үед нь нөгөөх мотоциклоо асааж унаад, давхаж очоод сигнаалдан хөөж, амьсгаадуулан бөөгнүүлэн нүдэндээ ил гаргаж ойртуулаад орхичихно. Ингээд малын хариулга маллагаа эрс суларч, мал эзэнгүйдэж байгаагаас малын хулгайч нарт өгөөш болж, тэднийг амар хялбар аргаар мөнгөжүүлж, хоолыг нь бэлтгэж өгнө. Ийм л болоод удлаа.
 
 
Малчин хүн малаа өглөө бэлчээж, дагаж гараад өдөржин салахгүй хариулж явсаар орой хотлуулдаг. Ойртуулж ирээд элдэв эрсдэлгүй болгодог баталгаатай байсан шүү дээ. Мотоциклоор элдэн хөөсөн мал айж сандарч, аахилж, уухилан, багтарч унах нь холгүй, зүрх нь хагарах шахам өрөвдөлтэй харагддаг. 
 
 
Хэдэн жилийн өмнө юмсан даа би вээр Хөвсгөл далайд очиж амраад ирэх буцах замд хонио, үхрээ мотоцикл уначихаад уургаа суналзуулан яваа залуу малчдыг нэг бус удаа харсан. Энэ бол нэг л жишээ. Баахан сарлаг үхрийг уурга барьсан, мотоцикл унасан залуу уухайлан хашгирч, ум хумгүй аахилуулан хөөж тууж явахыг бидний хэсэг хөгшчүүл хараад бидний монгол малчин ийм л болж дээ. Ингэж хөөж тууж яваа мал яаж ч өөдтэй тарга хүч авах билээ дээ.
 
 
Дээр үеийн малчид Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин, Завхан аймгийн Сонгино сумын уугуул Ц.Нямхайнямбуугаас эхлээд малыг нүдэлж, харж, биечлэн хариулахын ач тус, малыг амгалан тайван идээшүүлэх, малынхаа цадсан цадаагүйг хорголоор нь тоолж хүртэл шинждэг байсан мал маллах ухааныг бид өөр хоорондоо харьцуулж ярьцгааж явж билээ.
 
 
Хятад мотоциклийг жил жилд их хэмжээгээр оруулж ирснээс үүдэж залуу малчид мориныхоо оронд мотоцикл шүтэж, мотоциклоор малаа малладаг болсон төдийгүй жил бүхэн энэхүү мотоциклоос болж хэдэн зуун хүн алтан амь насаа алдаж, эрсдэлд орж байгаад статистик тоон мэдээг дуулж, сонсоход даанч харуусан, эмзэглээд барашгүй. Хятад мотоцикд ийм л муу үр дагавартай байгааг малчин хүн нэг бүрээс эхлээд ХААХҮЯам, орон нутаг, засаг захиргаа, төрийн олон нийтийн байгууллагууд зохих дүгнэлт хийж, цаашид цаг хугацаа алдалгүй бодлогын дорвитой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлмээр санагдана. Монгол малчин хүн алтан туурьт мориороо хэдэн зууныг дамжуулан малаа малласаар ирсэн баялаг түүх уламжлал одоо ч байсаар байгааг хаана хаанаа онцгой анхаарах цаг болсон санагдана. Монгол морины чадалтайг, ухаантайг доорх хоёрхон жишээ баримтаар өгүүлэхэд даанч бахархамаар. Вьетнам улсын олон жилийн дайны үед манай улсаас тусламж болгож, галт тэргээр ачуулсан олон тооны морьдоос нэг жилийн дараа нэгэн сайхан ажнай хүлэг Монгол эх орондоо гүйж ирсэн өрөвдөлт үнэн түүхийг хүмүүс сайн мэднэ. Тэр адгуус өдөр шөнөгүй ямар газраар, ямар саад бэрхшээлийг даван туулж эх нутагтаа гүйж ирсэн бол гээд нэг бодоод үз дээ. Тэгвэл ухаант хүн бид тэгж явж ирж чадах болов уу? Бас эх орны дайны жилүүдэд фронтод монгол морьд ямархуу ухаантай, ямаршуу чадалтай, тэнхээтэй, яаж үүрэг гүйцэтгэж ирсэн тухай олон бахархалт түух, дурсамжийг бараг дэлхий дахинаар мэддэг. Тийм ч учраас өнгөрсөн 2019 онд өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор тохиолдуулан манай ах дүүгийн бат найрамдалт хөрш орон ОХУ-ын Москва хотод монгол морины дайны жилүүдэд үзүүлсэн бахархалт үйлсийг мөнхлөн “Хос хоёр” морины хүрэл хөшөөг сүндэрлүүлж босгон, мөнхжүүлсэн билээ. Монголын малчин хүн, морь хоёрыг хэзээ ч салгах аргагүй. Одоо харин хаа сайгүй хурдан ажнай хүлгүүдээ уяж сойх, уралдуулах сайхан ажлыг уяачид өргөн зохион байгуулж байгааг сайшааж, магтах ёстой. Морь, малчин хүн хоёр ийнхүү хэзээ ч бие биенээсээ холдож хөндийрөх ёсгүй хүйн холбоотойсон доо. Мотоцикл гэдэг техник хэдий хурдан онцлогтой, бензин тос, запас сэлбэг хэрэглэдэг аваас монгол морь байгаль дэлхийдээ заяасан өвс ургамлын аль амттайг шилж сонгож идэж, усны тунгалгаар ундаалдаг, уул, модыг сүлжин, ус мөрнийг туулдаг. Олон талын онцлог ялгаатай энэ хоёр унаа ийм ажээ. 
 
 
Малчин хүн хөгжлөө дагаад тэр дундаа залуучууд мотоцикл уналгүй яахав ээ. Гагцхүү мотоциклоор малаа хариулдаг нь л яавч зөв бишээ. Мотоцикл унаад мал тууж яваа нь нэг л нийцэлтэй биш харагддаг юм билээ. Малаа мориороо хариулцгаая. 
 
Монгол малчид аа! Залуучуудаа! Монгол Улсын эдийн засгийн голлох салбар мал аж ахуй тоо толгойн хувьд хэдийгээр өсч 70-80 саяд хүрч байгаа ч гэлээ бие нь жижгэрч, давжаарч, нэг малаас авах шим буурч байгаа ньхариулга, маллагааны үндсэн технологи алдагдаж, хүн ард нь төв суурин газар руу шилжиж, хөдөө орон нутаг эзэнгүйдэж, хашир малчид нь цөөрч, монгол малчны уламжлалт баялаг арга туршлага гээгдэж эвгүй болж байгаа талаар өргөн ярилцах болжээ.
 
Мотортой мотоцикл хэдий хурдтай ч
Монголын минь морийг хаагуур хаагуураа яаж гүйцэх вэ дээ
Төмрөөр бүтсэн хятад мотоцикл хэчнээн гоё ганган ч
Төрийнхөө сүлдэнд үүрд мөнхлөн тахисан
Түүх домогт алдраа мандуулсан түмний эх
Халуун хошуут алтан туурьт монгол морийг яаж гүйцэх вэ дээ.
Бээжин нутгаас авч, оруулж ирсэн
Бензин шатахуунаар явдаг
Бэсрэгхэн бие хаатай мотоцикл унаа олон ч
Бэлчээртэй явж соргог амтат өвс идэж
Цэвэр тунгалаг усаар ундаалсан
Монгол Улсын монгол малчны
Морин эрдэнэ унааг яаж гүйцэх вэ дээ
Мотоцикл унааг хэдий хөлөглөн унавч
Модтой хадтай ууланд морь шиг яаж явах вэ дээ
Бартаа саадтай ямар ч замыг
Баараггүй туулж чаддаг
Бахимхан биетэй, бар арслан шиг хүчтэй
Монгол малчин хүний нэгэн насаараа ханилж, ижилдэн дассан
Монгол морийг минъ яаж гүйцэх юм бэ
 
ХӨДӨӨ НУТГИЙН ҮЛ ТАСРАХ НҮҮДЭЛ 
Тэмээн ачаагаа хөөгчөн хөтлөөд
Тэлмэн жорбо морио унасан
Тэнгэр заяатай монгол түмэн
Тэнүүн нутагтаа нүүсээр явна аа
Айлын нүүдлийг тосон очоод
Аагтай цайгаа аягалан барьдаг нь
Ардын уламжлалт заншил шүү дээ
Азай буурлуудын сургаал шүү дээ
Хөсөг нүүдлээ хөөгзөн хөтлөөд
Хөнгөн хөлтэй морьдоо унасан
Хүүхэд багачуудаа хүзүүндээ мөрөвчлөөд
Хөдөөний айлууд нүүжл явна аа
Айлын нүүдлийг амдаж тосоод
Аагтай гиаргал цайгаар дайлаад
Аян замын ерөөл өргөдөг нь
Ашид мөнхийн бэлгэдэл шүү дээ
Буянт сүргээ адгуулж маллаад
Бууриа сэлгэн тасралтгүй нүүдэг нь
Буурал түүхийн улбаа шүү дээ
Баян Монголын заншил шүү дээ
Монгол гэдэгулс тогтнож байсан цагт
Монгол малчин үүрд оршино оо
Мал таван эрдэнээ харин мотоциклоор биш
Мориороо хариулж уламжлаа дагацгаая аа
Монголын нүүдэл,
Монголын мал хэзээ ч алсран тасрахгүй бат бэх үүрд мөнх оршино оо
 
Л.СҮХБААТАР/Эрдэнэт хот. Ахмад сэтгүүлч, зохиолч/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn