Тэмцээнд оролцохоор явж байсан ОБЕГ-ын багийнхны автобус осолджээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг, Хайрханы голын гүүрний хашлагыг уржигдар 17.10 цагийн үед зорчигч тээврийн дунд оврын автобус мөргөснөөс түүнд сууж явсан хүмүүс гэмтжээ. “Хьюндай Каунти” загварын 12- 36УКС улсын дугаартай угавтобусаар Баянхонгор аймагт энэ сарын 23-24-нд болохоор төлөвлөсөн Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын харьяа анги, салбарын алба хаагчдын дундах спортын олон төрөлт тэмцээнд оролцох 15 алба хаагч зорчиж явсан аж. Ослын улмаас нэг зорчигч хүнд, ес нь хүндэвтэр, бусад нь хөнгөн гэмтсэн бөгөөд ОБЕГ-аас гурван алба хаагчаа нисдэг тэргээр ГССҮТ-т хүргэж эмчилгээ хийлгэхээр шилжүүлэн авчирсан бол бусдыг нь Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлжээ. Хүнд гэмтсэн алба хаагчийн тухайд ОБЕГ-ын багийн бүрэлдэхүүнд багтан оролцохоор явж байсан дэслэгч цолтой нэгэн гэнэ. Мөн Хангалт үйлчилгээний ангийн тогооч эмэгтэй хүндэвтэр гэмтсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Осол гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж буй агаад тухайн автобусны жолооч 42 настай Б.Б нойрмоглосноос гүүрний хашлага мөргөсөн байж болзошгүй гэнэ. Учир нь ОБЕГ-ын багийнхныг тээвэрлэх 24 хүний суудалтай “Хьюндай Каунти” загварын автобусны жолоочийг өглөө эрт явна гэж тус газрын Хангалт үйлчилгээний ангийн удирдлага үүрэгөгч, нойр дутуу замд гаргаснаас энэ осол гарсан гэхэд хилсдэхгүй. Уг нь Цэргийн дүрэм журамд хол замд хүн тээвэрлэж яваа жолоочийг унтуулж амраах, тодорхой зайг туулаад юм уу, 2-3 цаг тутамд зогсоох талаар цувааг ахалж яваа албан тушаалтан, Хангалт үйлчилгээний анги буюу Автобаазын удирдлагаас үүрэг чиглэл өгч, аюулгүй байдлыг нь хангах ёстой байдаг. ОБЕГ-ын харьяа анги, салбарын алба хаагчдын дундах спортын олон төрөлт тэмцээнд оролцохоор Улаанбаатараас дээрх автобуснаас гадна өөр нэг бус автомашинаар алба хаагчид нь зорчсон аж. Тэд Өвөрхангай аймгийн төвд хооллоод цааш хөдлөөд явж байхдаа уг автобус нь осолдсон гэнэ.