Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

540
ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өчигдөр 11:00 цагийн байдлаар Улаанбаатараас гадна таван аймагт COVID-19-ийн тохиолдол нэмж, бүртгэгдээд байна. Ингэснээр Сэлэнгэ аймагт 124, Дорноговьд 14, Орхонд 17, Дархан-Уулд 20, Говьсүмбэрт гурван хүнээс COVID-19 илэрч, аймгуудын хэмжээнд хатуу хөл хорио үргэлжилж байна. 
Өнгөрсөн сард орон нутгийн сонгууль болж, аймгийн Засаг дарга нарыг өөрчлөн томилсон билээ. Тэгвэл халдвар тархсан аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байгаа талаар мэдээлэл хүргэе. 
 
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг улираан томилсон билээ. Тэрээр эрчим хүчний инженер мэргэжилтэй.  Өмнө нь аймгийн ИТХ-д хоёр удаа төлөөлөгчөөр сонгогдож байв. Мөн Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, программист, 2008-2009 онд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т инженер, 2009 оноос эхлэн Засаг даргаар томилогдох хүртлээ “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байв. Орон нутгийн сонгуулийн дараа МАН-ын удирдах зөвлөлөөс түүнийг Засаг даргад улираан томилох санал гаргаж,  Ерөнхий сайд  шууд батламжилсан байдаг. 
 
Дорноговь аймгийн Засаг даргаар өмнөх дөрвөн жилд ажилласан  Т.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Харин түүний ажлыг О.Батжаргал саяхан буюу энэ сарын 12-нд хүлээж аваад байна. Тус аймагт Замын-Үүд боомт байдаг.  СOVID-19 төмөр зам даган халдварлаж байгаа тухай албаныхан мэдээлж байгаа.  Тэгэхээр Дорноговь аймаг нэлээд эрсдэлтэй бүст тооцогдож байгаа юм. О.Батжаргал 1980 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.  Мөн “Дорноговь Их хөгжил” сан ТББ-ын тэргүүнээр ажилласан намтартай.
Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан  Д.Батлут мөн л УИХ-д сонгогдсон билээ.  Түүний оронд С.Батжаргалыг  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх батламжлаад байна. Тэрээр өмнө нь аймгийнхаа Засаг даргын орлогчоор ажиллаж байв. Дулааны инженер мэргэжилтэй. 2013 оноос Орхон аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2016 оноос  ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байв.
Дархан-Уул аймгийн Засаг даргаар  Б.Азжаргал томилогдон ажиллаж байна. Дарханы хувьд эрсдэл өндөртэй ч халдварыг хумьж чадсан гэсэн мэдээлэл бий.  Мөн энэ амжилтыг Засаг дарга Б.Азжаргалын ур чадвартай холбон тайлбарлаж байгаа юм.  Тэрээр МУИС-ийг  төгссөн өмнө нь Дархан сумын Засаг даргаар найман жил ажиллаж байсан туршлагатай юм.
Говьсүмбэр аймгийн Онцгой комиссыг Г.Батзам удирдаж байна.  Ерөнхий сайд батламжилж, энэ сарын 9-нд албан ёсоор аймгийн Засаг даргаар ажиллах болсон. Г.Батзам нь Говьсүмбэр аймгийн МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Өнгөрсөн дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байв.
 
 
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn