Ковид ба амиа хорлолт

548

-Японд эмэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл яагаад ихсэв-
 
Япон дахь амиа хорлолтыг дэлхийн өөр хаана ч баймгүй хурдан хугацаанд, үнэн зөв бүртгэдэг бөгөөд сар бүр тайлан гаргадаг. Ковид-19 цар тахлын үеэр энэхүү статистик үзүүлэлт урд хожид байгаагүй, сэтгэл түгших хэмжээнд хүрч иржээ.
Өнгөрөгч 2020 онд Япон дахь амиа хорлолтын тоо сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа эрс өссөн байна. Ингэхдээ, эрчүүдийн дундах амиа хорлолтын тоо ялимгүй буурч, эмэгтэйчүүдийнх бараг 15 хувиар нэмэгдсэн аж. Зөвхөн өнгөрөгч оны аравдугаар сард гэхэд, эмэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 70 хувиар өсчээ.
Юу тохиолдов. Цар тахал яагаад эрчүүдээс илүүтэйгээр эмэгтэйчүүдэд хүчтэй нөлөөлөх болов.
Амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Bond Project хүмүүнлэгийн байгууллагын удирддаг төвд ВВС-ийн сурвалжлагч очин, хэд хэдэн хүнтэй уулзаж ярилцсан байна.
“Миний урдаас хараад 19 настай, богино халимагтай бүсгүй сууж байв. Тэрбээр ямар нэгэн сэтгэл хөдлөлгүй, намуухнаар надад өөрийн түүхээ ярьж эхэллээ. Түүний өгүүлснээр, бүхий л аймшигт зүйлс түүнийг 15 настай байхаас эхэлсэн гэнэ. Том ах нь түүнд маш харгис хэрцгий хандаж байсан учраас эцэстээ гэрээсээ оргон зугатахад хүрсэн хэдий ч сэтгэлийн шарх, ганцаардал нь түүнээс холдсонгүй. Ингээд амиа егүүтгэх явдал түүний цорын ганц гарц мэт санагдах болжээ. Тэрбээр олон удаа өөрийгөө хөнөөхөөр оролдсон боловч амжилт ололгүй, эмнэлэгт хүргэгдээд өндөрлөдөг байж. Азаар, түүний амьдралд Bond Project орж ирэн, ажилтнууд нь түүнд аюулгүй газар олж, сэтгэл заслын эрчимт эмчилгээг хийж эхэлсэн байна”.
Жун Тачибана бол Bond Project-ын үүсгэн байгуулагч, 40 настай, шантрашгүй өөдрөг үзэлтэй бүсгүй. “Охидод томоохон асуудал тулгаран сэтгэл нь шаналаад эхлэхээр юу хийхээ тэд мэддэггүй. Бид тэднийг анхааралтай сонсож, тэдэнтэй хамт байгаа гэдгээ илэрхийлэхийг хүсдэг” хэмээн тэрбээр өгүүллээ.
Түүний ярьснаар, Ковид-19 нь сэтгэлийн хатгүй хүмүүсийг аймшигт шийдвэр гаргахад түлхэж байна гэв. Тэр сүүлийн хэдэн сард ажилтнуудынхаа хүлээж авсан зарим дуудлагаас сонирхууллаа. Тэдэнд ихэвчлэн “Би үхэхийг хүсэж байна”, “Надад хаашаа ч явах газар алга”, “Надад маш хэцүү, ганцаардаж байна. Би зүгээр л алга болохыг хүсэж байна” хэмээн утасддаг аж.
Бие бялдрын болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн амьдрал цар тахлын уршгаар бүр дордсон байна. “Миний ярилцсан нэг бүсгүйн эцэг нь түүнийг хүчирхийлдэг байж. Ковидоос болж эцэг нь бараг ажиллахгүй, ихэнх хугацааг гэртээ өнгөрөөх болсон тул бүсгүйд түүнээс нуугдах боломж улам хомс болсон” хэмээн Тачибана харамсан өгүүллээ.
“ЕР БУСЫН” ҮЗЭГДЭЛ
 
Японд урд өмнө тохиолдож байсан хямралууд, жишээ нь, 2008 оны банкны хямрал, эсвэл 1990-ээд оны эхээр тохиолдсон үл хөдлөх хөрөнгийн зах дээрх “хөөсрөлт” зэргийн үед ихэвчлэн дундаж насны эрчүүд өртөн, тэдний дундах амиа хорлолт ч огцом өсөж  байжээ.
Харин цар тахал бол огт өөр түүх гэж болно. Ковид-19-ийн хор уршиг залууст, ялангуяа залуухан бүсгүйчүүдэд  хүндээр туссан бөгөөд шалтгаан нь ч олон янз юм. Ер нь Япон улс дахь амиа хорлолтын түвшин хөгжингүй орнууд дунд хамгийн өндөрт тооцогдож байсан хэдий ч сүүлийн 10 жилд харьцангуй багасгаж чадсан байна.
Профессор Мичико Уэда бол амиа хорлолтыг дагнан судалдаг японы шилдэг шинжээчдийн нэг. Тэрбээр сүүлийн хэдэн сард үзүүлэлт ихээр нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа өгүүлжээ. “Эмэгтэйчүүдийг амиа хорлоход хүргэж буй энэхүү үзэгдэл маш ер бусын. Энэ сэдвээр судалгаа хийж байсан бүхий л цаг хугацаанд ингэж огцом нэмэгдэхийг би хэзээ ч харж байгаагүй. Эмэгтэйчүүд олноор ажилладаг аялал жуулчлал, жижиглэн худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ зэрэг салбарууд бусдаас илүүтэй өртсөнөөрөө цар тахал бол онцлог юм” гэж тэр ярилаа.  
Японд бие даан амьдардаг, нөхөргүй эмэгтэйчүүд олон бөгөөд тэдний ихэнх нь гэр бүлээс илүүтэйгээр иймэрхүү амьдралын хэв маягийг илүүд үзэх болсонд уламжлалт жендерийн ойлголт нөлөөлсөн гэж болохоор. Ганц бие эмэгтэйчүүд амьдралаа өөрөө авч явах шаардлагатай хэдий ч тэдэнд тогтмол ажил ховор. Сүүлийн найман сарын хугацаанд түр ажилтнууд ажилгүй болох нь ихэссэн тул тэдгээр эмэгтэйчүүдэд хүндээр туссан нь мэдээж.
Ялангуяа нэг сарын үзүүлэлт онцгой тохиолдол болжээ. Өнгөрөгч оны аравдугаар сард 879 эмэгтэй амиа егүүтгэсэн нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 70 гаруй хувиар өссөн байна. Сонин хэвлэлүүд ч түгшүүр зарлан, зарим нь амиа хорлолтын тоог коронавирусээр нас барагсдын тоотой харьцуулж үзэхэд, 2020 оны аравдугаар сард эрэгтэй, эмэгтэй нийт амиа хорлолтын тоо 2199 байсан бол цар тахлаар 2087 хүн нас барсан байв.
 
АЛДАРТНУУДЫН ХАЧИРХАЛТАЙ ҮЗЭГДЭЛ
 
Өнгөрөгч оны есдүгээр сарын 27-нд Юко Такеучи хэмээх 40 настай, алдартай жүжигчин бүсгүй гэртээ амиа хорлосон байдалтай олджээ.
Япон дахь амиа хорлолтын асуудлыг судалдаг ашгийн бус байгууллагын тэргүүн, сэтгүүлч асан Ясуюки Симизу: “Ямар нэгэн алдартны амиа егүүтгэсэн тухай мэдээлэл тодорхой болмогц амиа хорлогсдын тоо нэмэгдсэн чигээр бараг 10 хоног үргэлжилдэг. Жишээ нь, Такеучиг амиа егүүтгэснээс хойшхи 10 хоногт 207 эмэгтэй амиа хорлосон. Такеучигийн ойролцоох насны буюу 40-50 насныханд илүүтэй нөлөөлж, энэ насны ангилал доторх эмэгтэйчүүдийн амиа хорлолт хоёр дахин өссөн” хэмээн ярьжээ.
Энэхүү үзэгдэл нь зөвхөн Японд ч гэлтгүй, алдартнуудын амиа хорлолтын талаар мэдээлэхдээ анхаарах асуудал юм. Хэн нэгэн алдартны амиа хорлосон талаар мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр их шуугих тусмаа энэ сэдэвт эмзэг хүмүүст илүүтэй нөлөөлөх магадлалтай аж.
Симизугийн байгууллагад ажилладаг Маи Суганума бүсгүйн аав нь түүнийг өсвөр насны охин байх үед амиа хорлосон учраас одоо тэрбээр иймэрхүү байдлаар амьдралаас одсон хүмүүсийн ар гэрт туслах ажлыг хийж байгаа гэнэ. Халдварт цар тахал амиа хорлогсдын гэр бүлийнхний амьд­ралыг улам хүндрүүлсэн байна.
“Амиа егүүтгэсэн хүний ар гэрийнхэн уг золгүй явдалд ихэвчлэн өөрсдийгөө буруутгадаг. Би ч гэсэн аавыгаа аварч чадаагүйдээ өөрийгөө буруутгаж байсан. Одоогийн нөхцөл байдал тэдний гэм буруутайн мэдрэмжийг улам ихэсгэж болзошгүй гэж би түгшиж байна. Япончууд тэр бүр үхлийн тухай яриад байдаггүй учраас амиа хорлолтын талаар ярьж шуугиад байх дадал зуршилгүй гэж болно” хэмээн Маи Суганума өгүүллээ.
Япон улс одоогоор цар тахлын гурав дахь давалгаанд өртөөд байгаа бөгөөд Засгийн газар нь хоёр дахь удаагаа онц байдал зарлаж, энэ нь хоёрдугаар сар дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Олон ресторан, зоогийн газар, зочид буудлууд хөл хорионы үед хаагдаад байгаа учраас тэр хэрээр маш олон хүмүүс ажлын байраа алдахад хүрээд байгаа аж.
Профессор Уэдугийн сэтгэлийг бас нэгэн асуудал түгшээж байгаа гэнэ. Энэ нь, хатуу чанга хөл хориотой бус, ковидоор нас барагсдын тоо нь харьцангуй бага Японд гэхэд л иймэрхүү эмгэнэлт зүйлс их тохиолдоод байна гэхээр цар тахлын хор уршиг бүр хүнд, нөхцөл байдал нь илүүтэй тааруу байгаа улс орнуудад юу тохиолдож байгаа бол гэх бодол түүний санааг зовоож байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn