Халдварын 62 хувьд шинж тэмдэг илрээгүй байна
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын 38 хувьд нь шинж тэмдэг илэрсэн бол 62 хувьд нь ямар ч шинж тэмдэг илрээгүй, зөвхөн шинжилгээгээр батлагджээ.
Халдвар авсан хүмүүсээс судалгаа авахад 28.5 хувь нь ханиалгасан, 21.4 хувь нь хоолой өвдсөн, 18.5 хувь нь толгой өвдсөн гэх зовуурь илэрчээ. Улсын хэмжээнд халдварын тохиолдлын 80-90 хувьд халуурах шинж тэмдэг илэрч байсан бол манай аймгийн хувьд толгой өвдөх, хамар битүүрэх, нусгайрах, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг зонхилж байна. Энэ байдлыг иргэд энгийн ханиадтай андуурч, эмнэлгийн байгууллагад хандалгүй өнгөрөөх, дур мэдэж эм уух зэргээр хүндрүүлж байгааг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Насны хувьд залуучууд халдварт харьцангүй давамгай өртөж байгаа ба 4 хүртэлх насныхан 5.5 хувь, 5-15 насныхан 16.4 хувь, 16-24 насныхан 5.5 хувь, 25-44 насныхан 36.6 хувь, 45-64 насныхан 30.1 хувь, 65-аас дээш 6 хувийг тус тус эзэлж байна. Мөн нийт халдвар авагсдын 62 хувь нь эмэгтэйчүүд аж.