Б.Цэдэнсодном: Бэлтгэлээ сайжруулж, цолоо ахиулна

286

2019 оны үндэсний их баяр наадмаар тав давж улсын цолны болзол хангасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, залуу начин Баянзулын Цэдэнсодномтой ярилцлаа. 
 
-Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шинэхэн харцага цолыг хүртлээ. Одоогоор цолоо аваагүй хэдий ч таны хувьд анхны зодоглосон барилдаанаасаа дурсвал? 
-Би хөдөө өссөн. Моринд их хорхойтой. Аавыгаа дагаад морь уях гэж оролдоно. 2010 онд сумынхаа наадамд морь уралдуулахаар болж хавар нь барьсан юм. Тэгсэн аав маань сумаас шинэ зодог шуудаг авч өгсөн. Наадам ч боллоо. Өнөө зодгийг нь бүслээд, хусуураа хавчуулчихаад сумын төв рүүгээ давхиж явснаа одоо бодоход сайхан байдаг юм. Наадамд ирээд өмнөх барилдаандаа анхаарна. Давааны зай завсраар морь руугаа нэг өнгийнө. Наадамдаа үзүүрлэж сумын начин болж, уясан хүлэг маань 13-аар давхиж одтой наадсан. 17-хон настай хүү байгаа өвөртлөөд улсын наадамд үзүүрлэчихсэн юм шиг сүр бараатай амьтан гэртээ харьсан. Энэ үеэс л хот орж бэлтгэл хийж том бөх болох бодол тээж эхэлсэн дээ. Одоо харин шинэ цолонд хүрсэндээ баяртай байна. 
 
-Анхны багш тань хэн гэж хүн байсан бэ? 
-Миний анхны багш Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, чөлөөт бөхийн спортын мастер, сумын заан Л.Мөнхжаргал гэж хүн байдаг. Одоо сумандаа ажиллаж, амьдарч байгаа. Өдөр болгон утсаар ярьж бэлтгэл сургуулилт асуудаг хүн дээ. Багштайгаа 2009 оны тамирчдын баяраас хэдхэн хоногийн өмнө танилцаж байсан. Багш тамирчдын баярын өдөр чөлөөт бөхийн үзүүлэх тоглолт хийх гээд өндөр хүүхэд хайж байгаад надтай таараад “Чи барилдах дуртай юу. Чөлөөт бөхийн мэх давтаад үзүүлэх тоглолтод оролцоод өгөөч” гэсэн. Хэд хоног чөлөөт бөхийн мэх техник давтаад чөлөөтийн тирко өмсөөд аймгийнхандаа үзүүлэх тоглолт хийсэн. Багш намайг намар хичээл орохоор бэлтгэл хийгээрэй гээд явуулсан. Хичээл орсон хойно бэлтгэлд очихгүй явж байгаад л багштай таарна. Хааяа бэлтгэлд очно. Тэгж байгаад ахиад хавар болоод амарсан. Харин 2010 оны намраас бэлтгэлээ таслалгүй явж эхэлсэн.
 
-Заалны барилдаанд гарч том бөхчүүдийг дэргэдээс нь хараад ямар сэтгэгдэл төрж байв? 
-2010 онд Өвөрхангай аймгаас хотод ирээд Бөхийн өргөөнд орж барилдаан үзэж байсан юм.Том цолтой бөхчүүдийг хараад сэтгэл их хөдөлж байсан. Тэр цагаас хойш бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж барилдаж эхэлсэн. Шинэ оюутан болсон цагаасаа үндэсний бөхийн бэлтгэлийг өдөр бүр хийнэ. Заримдаа Спортын төв ордонд З.Дүвчин багш дээр ирж чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг байсан. Заалны барилдааныг их хүлээнэ шүү. Арай хийж амралтын өдрийн барилдаан болоход бөхийн тоо нь гүйцчихсэн гээд багтахгүй буцах тохиолдол их. Бэлтгэлээ шалгадаг ганц барилдаан маань сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан. Үеийн залуустайгаа энд барилдаад дөрөв, тав давсан нь улс, аймгийн цолтнуудын аманд гарах эрхээ авдаг байлаа. Үүнээс л өөрийн барилдааныхаа арга барилыг олж эхэлсэн. Ингээд амжилт маань шат шатаар ахисан юм даа.
 
 
Аймгийн харцага болоод дараагаар нь аймгийн арслан цолд хүрсэн. Аймгийн арслан болчихоод хурдхан шиг улсын наадамд барилдаж үзэх юмсан гэсэн хүсэл төрж билээ.
 
 
-Та аймгийн арслан болсон талаараа ярихгүй юу? 
-2016 онд Дорноговь аймгийн наадамд зургаагийн даваанд улсын начин н.Дүгэрдоржтой тунаж үлдээд аймгийн заан болсон. Дараа жил нь аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болсон доо. 
 
-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж байна вэ? 
-Улсын наадамд дөрөв дэх жилдээ барилдаж байна. Анх наадмын дэвжээнд гарахад олон хүний өмнө сандарч, биеэ бариад олигтой хөдөлж ч болдоггүй юм билээ. Орой нь нойр хүрэхгүй гэгэлзэж, элдвийн юм бодоод тун хэцүү. Нойр муутай хүн яаж ч барилдах билээ. Харин дараа жилийн наадмын өмнө нойр хоолондоо их сайн байсан шүү. Долдугаар сарын 11-нд хоёр давчихаад сайхан унтаж амраад барилдаанаа үргэлжлүүлсэн. Ер нь бэлтгэл сайн байхад ийм, тийм юм бодоод байдаггүй, сайн төвлөрдөг юм. Өөртөө ч итгэлтэй, санасан барилдаанаа гаргадгийг  наадмаар ойлгосон. 
 
-Ер нь наадмын өмнөх начны тааварт байсан бөхчүүдээс ганц та улсын цолд хүрсэн. Наадмын өмнө улсын цолд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байв уу? 
-Бүтэн жилийн турш бэлтгэлээ ахиулж байгаад Бүх цэргийн наадмаар үзүүр түрүүнд үлдээд цол чимгээ ахиулах байсан. Ингэснээр улсын наадмаар дөрвийн даваанд аварга арслангуудаас зөрж барилдах боломжтой гэдгээ мэдэж бэлтгэл сургуулилтаа хийсэн. Түүндээ ч хүрч улсын наадмын оноолт дажгүй таарч итгэл улам нэмэгдсэн.
 
-Начны даваанд нутгийн тань харцага Х.Гантулга амлаж барилдсан? 
-Харцага ах маань намайг цаашдаа сайн барилдана гэж итгэл хүлээлгэж цолны даваанд амласан. Итгэлийг нь алдчихгүйн тулд илүү хичээж том цолд хүрэх даалгавартайгаа ухамсарлаж байгаа. Улсын цолд хүрсэн сайхан жил болсон гэж боддог. Цолоо ахиулахын тулд бэлтгэл сургуулилтаа хийгээд, хичээж байна.
 
-Цолоороо дуудуулж ямар наадамд барилдав? 
-Аймгийнхаа Цагдаагийн газрын 80 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Аймгийн цол хүртэж байсан цэнгэлдэхдээ улсын цол авчихаад очиход нутгийн зон олон минь сайхан хүлээж авч байсан. Дараа нь Баянхонгорт Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадамд очиж барилдлаа. Мөн заалны барилдаанд оролцож эхэлсэн.  
 
-Бөхчүүд наадам дуусаад бэлтгэлдээ гардаг. Та одоо ямар бэлтгэл хийж байна вэ? 
-Одоохондоо долоо хоногийн гурван өдөр нь хүчний, хоёр өдөр нь дэвжээний бэлтгэл хийж байна. Өдөртөө холын зайнд гүйгээд бусад үеэр нь амраад л бэлтгэлээ базааж байна даа.
 
-Сугадаж дайрдаг, суйлдаг барилдааны хэв маягийг танд хэн суулгаж өгсөн бэ. Энэ нь таны дархан мэх үү? 
-Монгол Улсын арслан Д.Ганхуяг, улсын начин Д.Пүрэвсүрэн багш нар маань анх энэ мэхийг заасан. Багш нарынхаа зааснаар бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Барилдаан болгонд давсан, сурсан мэхээ хийчих юмсан гэж туршиж үздэг. Одоо ихэвчлэн Д.Ганхуяг багшийн удирдлага дор барилдааны арга техник, барьц байрлалаа заалгуулаад явж байна. Сугадаж мордох, суйлах нь дархан мэх болсон доо.
 
-Таны барилдааны онцлог юу вэ? 
 
-Барилдах гэж гарчихаад өрсөлдөгчөө налаад зогсоод байхыг хүсдэггүй. Унасан ч, давсан ч хурдан шуурхай барилдахыг боддог.
 
 
 
-Допингийн асуудлаас болоод монгол бөхийн нэр хүнд унаж бөхөө дээдэлдэг ард түмний сэтгэл, итгэлд сэв сууж байна. Халуун тогоонд нь чанагдаж яваа эр хүний хувьд энэ асуудлыг хэрхэн хардаг вэ? 
-Допинг гэдэг зүйл байж болохгүй. Монгол хүний ген гэдэг утгаараа барилддаг. Хүн болгон хүү төрвөл бөх болно гэж ярьдаг. Тэр генийг алдахгүйн тулд бөхчүүд өөрсдийн хүч чадлаараа барилдах хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй олон бөх хохирч байна.   
 
 
Д.ДарамбазарЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn