Алтан төлийн эздэд шагналыг нь гардуулав
МҮОНРТ-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын эзнээр тодорсон Баянгол сумын малчин Б.Пүрэвтогтох, Сант сумын малчин Б.Бямбадорж нарт энэ сарын 22-ны өдөр шагналыг гардууллаа.
Б.Пүрэвтогтохынх бог голдуу 1500 толгой мал тоолуулсан бөгөөд “Баянгол” омгийн хонь, Дундговь, Дорноговиос хээлтүүлэгч мал авч, сүргийн бүтцээ нэлээд чанаржуулж байгаа аж. Тэрбээр “Миний аав аймгийн аварга тууварчин байсан. Мал маллахын ашиг тусыг багаас минь мэдрүүлж, малчны хөдөлмөрийн сайхныг ухааруулсан. Ер нь малчны хөдөлмөр цаг наргүй, хүнд ч гэлээ хүссэнээрээ ажиллаж амьдрах эдийн засгийн эрх чөлөөг олгодог сайхан ажил шүү дээ” хэмээн ярьж байв.
Б.Бямбадоржийнх энэ жил Баянгийн нуруунд өнтэй сайхан хаваржиж байна.“Сүүлийн хоёр жил Сантад зуншлага сайнгүйгээс нутаг сэлгэн Дорноговийн Их хэтэд нутагласан бол энэ жил нутагтаа сэтгэл тэнүүн өвөлжлөө” гэж байлаа.