Зүүнбаян-Улаан сумаас 6 дахь "Улсын аварга малчин" төрлөө
Зүүнбаян-Улаан сумын Хад багийн малчин С.Жанцанпунцагынх улсын аварга малчин болж, шагналаа гардан авлаа.Түүний шагналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар хотонд нь гардуулан өгсөн юм.
Тэрээр 20 гаруй жил мал малласан бөгөөд 2015 онд “Аймгийн аварга малчин” болж байжээ. Малыг тооноос чанарт шилжүүлэхээр барга үүлдрийн хуц, баянгол омгийн хонь, тээлийн улаан ямаагаар сүргийн бүтцээ шинэчилж байгаа ба “Газрын гарц сайнгүй, ган, зудын давтамж ихэсч, мал маллахад бэрхшээл их учирдаг боллоо. Харин энэ жил нутаг орондоо өнтэй сайхан өвөлжиж, сэтгэл амар, нуруу тэнэгэр байна” хэмээн хэлж байв.
Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа заан сургаж, тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж буй тэрбээр Зүүнбаян-Улаан сумын 6 дахь улсын аварга малчин болж байна.