Хүчтэй шуурганы улмаас нурсан дээвэр байшингийн хана цөмлөж, өндөр хүчдэлийн шон унагажээ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багт энэ сарын 08-д 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унажээ.
Улмаар байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, 5 ханатай гэр дээр унаж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг өчигдөр өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцав.
Иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсэж иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмлөж, мөн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Nissan X-Trail” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.