О.Батсүрэн: Өвөрхангай аймаг бахархах түүхтэй, бахархах хүмүүстэй гэдгийг л ойлгуулахыг зорьж байна

25

Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд “Өвөрхангайн бахархал” төслөөс “Бахархал ба мэдлэг” танин мэдэхүйн цуврал контентийг аймгийн ИТХ-аас санаачлан эхлүүлээд байна. Тус үйл ажиллагааны талаар “Өвөрхангайн бахархал” төслийн зохицуулагч О.Батсүрэнгээс тодрууллаа.


-Цахим орчинд Өвөрхангай аймгийн сүлд, далбааны онцлогийг танилцуулсан “Бахархал ба мэдлэг” гэсэн контент цацагдаж эхэлсэн байна? Зорилго, зорилтоо танилцуулахгүй юу?

-Аймгийнхаа түүх соёл, алдар суутан, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүүхэд багачууд, оюутан залуус, иргэдэд аймаг, орон нутгаараа бахархах сэтгэлгээг төрүүлэх, энэ талын танин мэдэхүйн мэдээллийг богино хугацаанд сонирхолтой хэлбэрээр хүргэх нь тус контентын зорилго юм.

Танин мэдэхүйн цуврал контентын анхны дугаарт аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Гандан пунцоглин хийдийн хамба лам Я.Ганзаяа нар оролцож, аймгийн сүлд, далбааны танин мэдэхүйн мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Өвөрхангай аймгийн түүхт 90 жил тохиож байгаатай холбогдуулан хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй сэдвээр есөн цуврал хийхээр төлөвлөөд байна. Дараагийн контентыг Арвайхээр хотын үүсэл хөгжил болон Арвагар хээр морины түүхээр сэдэвлэнэ.

-“Өвөрхангайн бахархал” төслийн хүрээнд багагүй ажлыг зохион байгуулж байсан. Тэр тухай тодруулж мэдээлэл өгөх үү?

-Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдар гавьяатай нэр бүхий хүмүүсийг алдаршуулах, аймгийн онцлог биет болон биет бус өвийг сурталчлах, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилготой “Өвөрхангайн бахархал” төслийг анх УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хэвлэлийн төлөөлөгч Г.Ариунзаяа санаачилж байсан юм.

Энэ хугацаанд гурван дэд төслийг хэрэгжүүлсэн байдаг. Анхны төсөл нь БНМАУ-ын баатар Л.Аюушийг алдаршуулах зорилготой байсан. Энэ үеэр Л.Аюуш баатрын амьдралаар сэдэвлэсэн “Гуулин ээмэг” түүхэн бэсрэг роман номыг хэвлүүлж, аймгийн ХДТ-т бүрэн хэмжээний жүжиг тавьж байв. Мөн ЕБС-ийн сурагчдын дунд эрдэм шинжилгээний хурал, эсээ бичлэгийн уралдаан, уран илтгэлийн тэмцээн зохион байгуулж байсан.

Хоёр дахь дэд төслийн хүрээнд залуу уран бүтээлчид нэгдэж, “Бидний авьяас-Бидний бахархал” тоглолтоо 19 суманд зохион байгуулж, биет болон биет бус соёлын өвийг олон нийтэд сурталчилсан байдаг. Харин гурав дахь дэд төслөөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Төрийн шагналт, нэрт зохиолч Ч.Ойдов гуайг алдаршуулж, түүний зохиол “Далан худалч” жүжгийг орчин үеийн төрөл жанрт оруулан тайзнаа амилуулж байв. Мөн зохиогчийн бүтээлээр гурван боть ном хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон. Дөрвөн жилийн хугацаанд энэ гурван томоохон ажлын хийж хэрэгжүүлсэн байна.

-Одоо ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Төслийн багийг шинэчилж, миний бие голлон хариуцаж байна. Төслийн удирдах зөвлөлд яруу найрагч Ө.Өсөх-Эрдэнэ, н.Моломжамц зэрэг таван хүн байгаа. Өвөрхангайнхны бахархал болсон Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдрал, үйл хэрэг, төрд оруулсан алдар гавьяаг хойч үе, хүүхэд залууст таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор түүхэн жүжиг тавьж, ном зохиол бичихээр төлөвлөж байна. Мөн Байтаг Богдын мөргөлдөөнд амьд үлдсэн гурван хүний нэг болох Богд сумын харьяат н.Гончигзэгвэ гуайг олноо танилцуулж, эх оронч үзлийг залуу хойч үед төлөвшүүлэх, дайны хор уршгийг ойлгуулах зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn