Өвөрхангай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

207
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүд багтаж байна. Аймгийн хэмжээнд одоогоор 5.6 сая мал намаржиж байгаа бөгөөд хүнсний хэрэгцээ, зах зээлийн эргэлтэнд тодорхой тооны мал борлуулсны дараа 4.3 сая мал өвөлжинө гэх тооцоололтой байна.

Энэ жил 800 орчим малчин өрх 500 мянган толгой малтайгаар бусад аймгийн нутаг дэвсгэрт өвөлжихөөс 300 гаруй малчин отрын замдаа явна. Энэ жил аймгийн хэмжээнд 2407 га талбайд ногоон тэжээл тариалсан ба 2500 тонн тэжээл хураан авах бол орон нутгийн өмчит “Өв Агро” компани 300 га талбайд малын тэжээл тариалж, 15600 боодлыг хураах урьдчилсан баланстай байгаа юм. Ажлын хэсгээс мал аж, ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, харьцангүй сайн гэх үнэлгээг өгсөн байна.

Ялангуяа, малаа бүрэн эрүүлжүүлсэн, бэлтгэл ажлын тооцоо судалгаа сайн байгаа, аймаг өөрөө ногоон тэжээл тариалсан нь чухал ач холбогдолтой хэмээн онцлог ажлуудыг сайшаалаа. Мөн улсын хэмжээнд бэлчээрийн даац 90 хувь хэтэрсэн, эрсдэл өндөр хоёр аймгийн нэг нь Өвөрхангай учраас бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг сайтар хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn