ӨВӨРХАНГАЙ: О.Түмэнжаргал: Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд 5794 төрийн албан хаагчийг хамруулсан

208


Аймгийн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргалтай ярилцаж, сүүлийн үед хийгдэж байгаа статистик судалгааны талаар тодрууллаа. 

-       Аймгийн статистикийн хэлтсээс энэ онд хэд хэдэн томоохон судалгааны ажлыг хийлээ. энэ талаар мэдээлэл өгнө үү?
-        Манай Статистикийн хэлтэс зургаан үндсэн орон тоотой. Энэ онд зургаан гэрээт судлаачтай, нийт 12 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Албан ёсны статистикийн мэдээллийг цуглуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгааны  мэдээллийг цуглуулах, боловсруулах,  дээрээс нь захиргааны статистик мэдээллийг цуглуулах, нэгтгэх, үр дүнг тархаах, хяналт тавих гээд маш их ачаалалтай ажилладаг газар даа.
2020 оноос хойш улсын хэмжээний томоохон тооллого, судалгаануудыг зохион байгуулж байна.  Хүн ам орон сууцны тооллого, Аж ахуйн нэгжийн тооллого, Хөдөө аж ахуйн тооллого явагдлаа. Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг тогтоох судалгааг явууллаа. 
Сар бүр өрхөд суурилсан судалгааг зохион байгуулдаг. Мөн судалгаа зохион байгуулахаас гадна, хяналт тавих, судалгааны чанарыг сайжруулах, үнэн бодит мэдээллийг өрхөөс авах ажлыг сум, багийн Засаг дарга нартай хамтран  байнга зохион байгуулж байна. 

Хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг тодорхойлж, дүн шинжилгээ хийхэд ашиглагдах тоон мэдээллийн багцыг бий болгох, аймгийн ажиллах хүчний оролцооны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн түвшин тооцох Ажиллах хүчний судалгааг явуулж байна. Энэ судалгаанд сар бүр 4 сумын 40 өрх, жилд 480 өрх санамсаргүй түүврийн аргаар хамрагддаг.

Хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын дүр төрхийг тодорхойлох шаардлагатай иж бүрэн, нэгдсэн мэдээллийн үндсэн бааз бий болгох, аймгийн ядуурлын түвшин тооцох өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг сар бүр эрхлэн явуулж байна. Энэ судалгаанд сард 10 сум, багийн  86 өрх, жилд 1032 өрх санамсаргүй түүврийн аргаар хамрагдаж байгаа.
Мөн энэ жил олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа, Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгаа явуулж, энэ сард дууслаа. Судалгааны үр дүнгүүд хараахан гарах болоогүй байна.

-        Удахгүй төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлнэ. төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг чадвар тодорхойлох судалгааны дүн яаж гарсан бэ?
-        Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлж, Монгол Улсын “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III (2020-2024)”-ын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бий болгох зорилгоор энэ судалгааг зохион байгуулсан.
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрдөхөд бэлэн эсэх, цаашид үндэсний бичгийг төрийн албан ёсны үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хэрэгцээтэй үе шаттай сургалтын төлөвлөгөө боловсруулахад ашиглах юм.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2021 оны 04 дүгээр сарын 5-25-ны хооронд Өвөрхангай аймагт зохион байгуулж, 5794 төрийн албан хаагчийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан албан хаагчдын 53.1 хувь нь албан хэргээ крилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэж хариулсан бол 46.9 хувь нь бэлэн биш гэж хариулсан байсан. Судалгааны үр дүнд үндэслэн аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдыг үндэсний бичигт сургах олон ажлыг зохион байгуулж байгаад баяртай байна. 
-        Хөдөө аж ахуйн тооллогын дүн мэдээ бас сонирхолтой санагдаж байна?
-        Хөдөө аж ахуйн тооллогыг явуулснаар мал аж ахуйн болон газар тариалангийн машин тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, ХАА-н бүтээгдэхүүний зардал, хүнсний хангамж, аюулгүй байдлын мэдээллийг өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр дэлгэрэнгүй бүртгэж, статистик мэдээллийн үндсэн эх үүсвэр бий болгох боломж бүрдсэн юм.
Уг тооллогод 66 тоологч, 22 шалгагч, 25 жолооч нийт 113 хүн ажиллаж, мэдээлэл цуглуулалтыг 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 08-ны хугацаанд зохион байгуулсан. Улсаас манай аймагт 55 тоологч ажиллуулахаар тооцсон байсан. Гэвч тооллогын хугацаа богино, цаг үе нь сумдын ой, наадамтай ойрхон таарсан, нэг тоологчийн ачаалал хэтэрхий өндөр байсан зэргийг тооцож, аймгийн Засаг даргаас тодорхой хэмжээнд нэмэлт тоологч ажиллуулах зардлыг шийдвэрлэж өгсөн учраас 11 тоологч нэмж ажиллуулсанаар хугацаандаа амжилттай дууссан.
Тооллогод нийт 7062  өрх, аж ахуйн нэгж хамрагдсан. Одоогоор тооллогын дүн гарч дуусаагүй байна.

-        Хүн амын богино хугацааны хөдөлгөөнийг тандах судалгааг явуулсан гэлээ. ямар зорилготой юм бэ?
-        Үндэсний Статистикийн Хороо, олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн амын богино хугацааны хөдөлгөөнийг тандах туршилтын судалгаа”-г улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Энэ судалгаанд манай аймгийн 112 багийн Засаг дарга нар ажиллаж байгаа. Судалгааг 2022 оны 09 сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хугацаанд зохион байгууллаа.
Судалгаанд албан ёсоор шилжилт хөдөлгөөн хийгээгүй, гэсэн ч өөр аймаг, сум, баг, Улаанбаатар хотод амьдарч байгаа өрх, иргэний мэдээллийг ирсэн, явсан байдлаар бүртгэж мэдээллийг программд оруулна. Тус судалгааны дүн бүрэн нэгтгэгдэж дуусаагүй байна.
Судалгааны зорилго нь богино хугацааны хөдөлгөөнд орсон иргэдийн шалтгаан, хөдөлмөр эрхлэлт, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг судлах замаар Монгол Улс дахь богино хугацааны хөдөлгөөнд оролцогчдод зориулсан бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгоход шаардлагатай мэдээллийг бий болгох явдал юм.

-        Анхан шатны мэдээллийн чанарыг сайжруулах аян өрнөж байгаа юм байна. Анхан шатны мэдээлэл гэж юу вэ?

-        Төрийн их өгөгдөл төсөл 2023 оноос Үндэсний Статистикийн хороон дээр хэрэгжих гэж байна.  Төрийн их өгөгдөл төсөл нь сум, баг, төрийн байгууллагуудад цугларч байгаа статистик мэдээллүүдийг нэгтгэж, хооронд нь холбон богино хугацааны давтамжтайгаар, олон үзүүлэлтээр боловсруулан мэдээллийн сан үүсгэж, бодлого боловсруулагчид болон бизнесийнхэн, иргэд, хэрэглэгчдэд  мэдээлэх зорилготой. Энэ ажлын бэлтгэл болгож сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж бүрт байгаа мэдээллийн сангуудын чанарыг сайжруулах, үнэн бодит байдлыг хангах сарын аяныг манай хэлтсээс зохион байгуулж байна.
Мэдээж, энэ ажлыг сарын хугацаанд цэгцэлж дийлэхгүй. Гэхдээ анхан шатанд байгаа мэдээллийн сангуудаа ямар түвшинд байгааг сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж бүр ажлын хэсэг томилж үнэлэх, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөх нь чухал байгаа.
Бүх мэдээллийн сангуудын үр дүнгээр статистик тоо мэдээлэл гарч байдаг. Энд программ хөгжүүлэлт, тухайн мэдээллийн сангуудын сайхан муухай яригдаагүй, гол нь тэр санд байгаа бүх мэдээлэл үнэн байх асуудал яригдаж байгаа гэдгийг дор дороо ойлгож байгаа байх аа. Аяны хугацаанд ядаж бодит байдлаа үнэлж, тодорхой хэмжээнд цэгцлэх ажлыг хийж эхлээсэй гэх үүднээс энэ ажлыг зохион байгуулж байна.



-    Аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан сүүлийн арван жилийн статистик мэдээллээр эмхэтгэл гаргасан байсан.
-        2011 онд бэлтгэн гаргасан “Статистикийн товчоон” номын II дэвтэр болох, 2011-2021 онд аймгийн эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлт, шинэчлэлт, хөгжлийг тоон үзүүлэлтээр харуулсан эмхэтгэлийг хэвлэн гаргаж  байна. Энэ статистик мэдээлэл нь бодлого хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа болон аливаа судалгаа, шинжилгээний ажилд өргөнөөр ашиглагдах томоохон баримт бичиг болно.
Манай хэлтсээс албан ёсны статистик мэдээлэл, захиргааны статистик мэдээлэл, судалгаа тооллогын үр дүнгээр эмхэтгэл номнуудыг сар, жилийн давтамжтай гаргаж, бодлого боловсруулагчид, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж байдаг. Мөн аймгийн нийгэм, эдийн засгийн байдлыг салбар бүрээр тухайн жил, 5 ба түүнээс дээш жилээр харьцуулсан байдлаар инфографик бэлтгэж хэрэглэгчдэд хүргэж байна.
Тэмдэглэлт өдрүүд баяр ёслолоор тухайн салбарын статистик мэдээллийг олон түмэнд хүргэж танилцуулж байгаа. Ер нь аль болохоор ойлгомжтой байдлаар  иргэд хэрэглэгчдийг статистик тоо мэдээллээр хангахыг зорьж ажиллаж байна даа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn