Турк: Аврагчид нурангид 149 цаг дарагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

323


Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу ням гарагийн  байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 29 мянгад хүрчээ. Үүний 24 мянга гаруй нь Турк, 4500 гаруй нь Сири улсын иргэд байна. Мөн газар хөдлөлтийн улмаас Сири улсад 5.3 сая хүн гэр оронгүй болжээ.
 
Нурангиас иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Туркийн төрийн мэдээллийн “Anadolu” агентлагийн мэдээллээр Хатай мужид нурангид дарагдсан 35 настай эрэгтэйг 149 цагийн дараа буюу зургаан өдрийн дараа эсэн мэнд аварчээ.
 
Энэ эрэгтэйг Мустафа Саригул гэдэг бөгөөд тэрбээр зургаан давхар орон сууцанд амьдардаг байв. Гэвч газар хөдлөлтийн улмаас түүний амьдардаг орон сууц бүхэлдээ сүйрсэн юм. Румын улсаас ирсэн авран хайх багийн хамт олон Саригулыг эсэн мэнд гаргаж авахын тулд таван цаг  тасралтгүй эрэн хайх ажиллагаа явуулжээ. Үүнээс гадна Хатай мужид долоон настай охиныг нурангин доороос 132 цагийн дараа эсэн мэнд гаргажээ. Газар хөдлөлтийн улмаас тус мужийн нийт барилгын 90 орчим хувь нь нурсан. Тодруулбал, Туркт багадаа 6000 барилга нурсан гэж “BBC” мэдээлсэн бол 12 мянга гаруй барилга нурсан гэж “AFP” мэдээлсэн байна. 
 
Турк улсын иргэдэд хамгийн их хэрэгцээт зүйлс нь хоол хүнс, эрүүл мэндийн багц, ус хэмээн Улаан загалмайн нийгэмлэгийн  яаралтай тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Ли Суер “CNN”-д ярьжээ. Тэрбээр “Газар хөдлөлтийн дараах сэргээн босголт гэхээс илүү хүмүүнлэгийн тусламжийн цаг үе бидний өмнө ирлээ. Туркийн иргэдийн анхан шатны суурь хэрэгцээг хангах тусламжийн үйлчилгээ багадаа хоёр сар үргэлжилнэ. Энэ хугацаанд Турк хэвийн байдалдаа шилжих болов уу гэж таамаглаж байна” гэв.
 
Орон сууц нь бүрэн сүйрсэн иргэдээс гадна бусад иргэд дахин газар хөдлөхөөс айж гэртээ орохыг хүсэхгүй байна. Тиймээс хүйтний улиралд Туркт хоргодох байр болон өвлийн майхан их хэмжээгээр хэрэгтэй байгаа аж. Энэ талаар Туркийн иргэн “Урт хугацааны аюулгүй амьдралдаа шилжихийн тулд бидэнд хүмүүнлэгийн тусламжууд их хэрэгтэй байна” гэж ярив. Энэ удаагийн газар хөдлөлтийг 100 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлээд байгаа юм. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “зууны гамшиг” хэмээн нэрлэв. Харин Туркийн Кахраманмарас мужид очсон НҮБ-ын тусламжийн албаны дарга газар хөдлөлтийг "Энэ бүс нутагт сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аймшигт үйл явдал" гэж тодорхойлсон байна.
 
Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа БНТУ-ын Хатай муж нь Сири улсаас 30 километрийн зайтай. Манай эрэн хайх, аврах баг Хатай мужийн Онцгой байдлын албаны зааж өгсөн барилгын нурангид ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. Харин эмнэлгийн баг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хээрийн эмнэлгийг байгуулж, одоогоор 89 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд ачаалал ихтэй ажиллаж байгааг мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээд байна. 
 
Туркийн Истанбул хотын иргэн Айсегул Рахванси дахин газар хөдлөх вий гэхээс айж байгаа тухайгаа  “Бид маш их санаа зовнил, айдас дунд амьдарч байна. Манай хотод маш хүчтэй газар хөдлөлт болох вий гэхээс үнэхээр айж байна” гэж ярьжээ.
 
 
Баярмэндийн ДОЛЖИНЖАВЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn