Өвөрхангайн Засаг дарга А.Ишдоржийн машинд дайруулсан талийгаач Б-ийн дүү: Ахаас минь бүтэн эрхтэн үлдээгүй, бутарсан яс нь арьсан дээрээ л тогтсон байсан

128

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний амь хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, наймдугаар сарын 11-ний 00:16 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Хурд” ШТС-ын ойролцоо зорчиж яваад 57 настай эрэгтэйг дайрсан байна. Талийгаач Б Улаанбаатараас Ховд чиглэлийн автобусаар зорчиж явсан бөгөөд зам гарах үедээ дайруулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байна. Засаг дарга А.Ишдорж албаны машин унаж явсан бөгөөд хувийн ажлаар Улаанбаатар хот руу жолоочгүй явжээ. Ингээд буцаж явахдаа хурд хэтрүүлж, хүний амь хөнөөсөн юм байна.
Бид энэ хэргийн хохирогч, талийгаач Ц.Б-ийн ар гэрийнхэн болон автобусанд хамт зорчиж явсан зорчигч М, зам тээврийн осол гаргасан Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой холбогдож, дараах мэдээллийг бэлтгэлээ.

ТАЛИЙГААЧ Б-ИЙН ДҮҮ: ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖТОЙ ТАЛИЙГААЧИЙН ХҮҮ НЬ ОЧИЖ УУЛЗСАН. ТЭР ЖОЛООЧ СОГТУУ БАЙСАН УУ, МАНСУУРСАН УУ ГЭДЭГ НЬ ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОГТООГДОНО

         Талийгаачийг маргааш (өнөөдөр) хөдөөлүүлнэ. Тэрээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат бөгөөд сумандаа эхнэр гурван хүүхдийн хамт мал маллаж амьдардаг байжээ. Талийгаач Улаанбаатар хотод хэд хоногийн өмнө ирж, ах, дүү нартайгаа Дархан, Сэлэнгийн нутгаар аялаад, гэр рүүгээ буцах замдаа осолдож, амиа алджээ. Түүнийг  дүү нь Ховд чиглэлийн автобусанд суулгаж өгсөн бөгөөд “Манай ахыг харж яваарай. Хөдөөний хүн учраас зарим зүйлийг мэдэхгүй шүү” зэргээр хажуу суудлын хүмүүст нь захиж үлдээсэн байна. Бид талийгаач Б-ийн дүүтэй холбогдож, дараах мэдээллийг авсан юм.
-Зам тээврийн ослын улмаас ах тань амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
         -Том ах минь амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Хайртай ахыгаа алдсан бидэнд маш хүнд байна. Би наймдугаар сарын 10-нд талийгаач ахыгаа Драгон авто зогсоолоос Ховдын автобусанд суулгаж өгсөн. “Сайн яваад хүрээрэй” гээд салцгаасан. Гэтэл 10 хүрэхгүй цагийн дараа ахыгаа нас барсан гэх хүнд мэдээ сонсож, Өвөрхангай аймагт дунд ахынхаа хамт очсон. Цогцсыг нь аваад нутагтаа ирчихсэн байна. Буян номын ажил нь олны хүчээр саадгүй болж, маргааш (өнөөдөр) гаргана.
-Зам гарах гэж байсан гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?
        -Автобус шатахуун авах гээд бүтэн эргэж зогссон юм шиг байна лээ. Зам тал руу хаалга нь онгойсон гэсэн үг. Тэгээд ах автобуснаасаа буугаад хоёр ч алхаагүй дайруулсан гэсэн. Нүд ирмэхийн зуурт л болсон осол. Хамт явсан хүмүүс нь ч дайруулж байгааг нь харж амжаагүй гэж байгаа юм. Зорчигчид анхандаа “Автобусны дугуй буудчихлаа” гэж бодсон гэж байгаа юм чинь. Үнэндээ ах зам зарах гэж байсан уу, автобусаа тойроод эргэх гэж байсан уу, мэдэхгүй.
       -Ах нь Улаанбаатар руу ямар ажлаар очсон байсан юм бэ. Автобусанд хамт явсан хүмүүстээ “Анх удаа хот орж үзлээ. Их сайхан байна. Дүү нар маань надад шинэ гутал авч өгсөн. Одоо нутаг руугаа явж байна” гэж ярьсан гэсэн?
      -Бид Ховдын цэнхэрт хязгаарт өссөн хөдөөний хүмүүс байгаа юм. Ах маань 1983 онд Дорнод аймаг руу цэргийн албанд татагдаж байсан юм байна лээ. Тэгээд Дорнод руу явахдаа Улаанбаатараар дамжин өнгөрч байсан гэдэг. Гурван жилийн дараа буюу 1986 онд цэргийн албанаас халагдахдаа Улаанбаатараар дамжиж, нутагтаа ирж байсан тухайгаа бидэнд ярьдаг байлаа. Үүнээс өөрөөр Улаанбаатар хот руу очиж үзээгүй. Үндсэндээ миний ах улсын нийслэлээ үзээгүй, мэдэхгүй л амьдарсан. Бид ах дүүгээрээ ярилцаж байгаад ахыгаа Эрдэнэбүрэн сумаас дуудаж, хамтдаа хэд хоног аялсан юм. Сэлэнгэ, Дарханы нутгаар аялж, байгалийн сайхныг ах, дүүгээрээ мэдэрч, хэд хоног сайхан байсан. Ахыгаа хот үзүүлчих санаатай Ховдоос авчраад бүр мөсөн алдчихлаа. Эгч маань наймдугаар сарын 15-нд амралтаа аваад, Ховд руу явах байлаа. Ахыг тэр үед хамт яв гэж хэлсэн ч “Ах нь түрүүлээд явж байя. Хадлан бордооны ажил эхэллээ. Автобусанд суугаад явахад айх юм байхгүй. Нэг хоноод л нутагтаа оччихно. Та нар араас хүрээд ирээрэй” гээд яараад явчихсан юм. Гэр рүүгээ харьж яваад л ийм харамсалтай, хэцүү зүйл боллоо доо. Ах минь “Дүү нарынхаа авч өгсөн шинэ гутлаар гангараад явна аа” гээд л их баяртай байсан. Миний ах нутагтаа нэр хүндтэй, мал аж ахуйд бүхий л амьдралаа зориулсан, Ховд нутгийн хөдөлмөрч хүн байлаа.
         -Талийгаачийг дайрч, хөнөөсөн гэгдээд байгаа Засаг дарга А.Ишдоржтой та бүхэн уулзсан уу. Ямар тайлбар өгч байна вэ?
      -Ослын тухай сонсоод Улаанбаатараас би дунд ахтайгаа Өвөрхангай руу очсон. Харин Ховдоос талийгаачийн бага хүү нь ирсэн. Ах бид хоёр тэр хүнтэй уулзах ч шаардлага байхгүй гэж бодож байлаа. Харин талийгаачийн маань хүү “Аавыг минь хөнөөсөн алуурчинтай би очиж уулзана. Миний аавыг хэн ийм болгосон” гэж уйлж, сэтгэл санааны гүн хямралд орсон. Тэгээд хаягийг нь заалгаж, Засаг дарга Ишдорж гэж хүнтэй очиж уулзсан байна лээ. Уучлалт гуйхаас өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Санамсар болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гарсан учраас тэр хүнийг цагдан хориогүй юм байна лээ. Ишдорж эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байгаа.
        -Жолоо барьж явахдаа согтуу байсан юм болов уу. Тэр талаар цагдаагийн газраас мэдээлэл өгсөн үү?
      -Урьдчилсан байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Цагдаа нар хэлэхдээ “Үлээлгэж үзэхэд тэг гарсан. Гэхдээ энэ нь шүүх шинжилгээний явцад нотлох баримт болохгүй учраас цуснаас нь шинжилгээ авсан” гэсэн. Шинжилгээний хариу нь 14-21 хоногийн дараа гарна. Тэр үед  согтуурсан байсан уу, мансуурсан уу, эсвэл цоо эрүүл байсан уу гэдэг нь тогтоогдох байх. Бид эрх мэдэлтэй хүн учраас шинжилгээний хариугаа өөрчилж, гэм буруугаа нуун дарагдуулах вий гэж хардаж, эмээж байгаа. Гэхдээ Монголын хууль хяналтын байгууллагынхан ард түмний анхааралд байгаа энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт найдаж байгаа.
      -Ахыг тань мөргөсөн машин зураг цахим сүлжээнд цацагдсан. Ослын газарт та очсон уу?
     -Ахыг минь мөргөсөн машины зургийг цахим сүлжээнээс харлаа. Хүн биш, бетон шон мөргөчихсөн юм шиг л болсон байна лээ. Төмөр машин тийм болж байхад мөргүүлсэн хүн яаж амьд гарах вэ дээ. Ослын газарт очиж бид зан үйл үйлдсэн. Ямар аймар хурдтай явсан болоод тийм осол хийж байх вэ дээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь, тэр хурдтай явж байсан машин тоормос гишгэхэд хар зураас дарайгаад л үлдсэн байх ёстой. Гэтэл ул мөр байхгүй байна лээ. Тоормос ч гишгээгүй бололтой гэсэн бодолтой байна.
       -Талийгаачийн цогцос ямар байдалтай байсан бэ. Эмнэлгийн тусламж авах ямар ч боломж байгаагүй гэнэ үү?
     -Тийм ээ, хүн харахын аргагүй. Хамаг яс нь бутарч, арьсан дээрээ л тогтож байх шиг байсан. Миний ахын биеэс эрүүл, бүтэн эрхтэн үлдээгүй. Машинд нь мөргүүлээд их хол газар шидүүлсэн байгаа юм. Хоёр гутал нь биенээс зөндөө хол шидэгдсэн байна лээ. Ямар ч эмнэлгийн тусламж авах боломж байгаагүй гэсэн.
        -Эхнэр, хүүхэд нь ямар байдалтай байна вэ. Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
       -Сайхан ахыгаа зуурдаар алдлаа. Ахынхаа буяны ажлыг дуустал хэл ам хийхгүй, хэрүүл маргаан гаргахгүй гэж тэвчлээ. Бид хэл, ам хийгээд миний ах босоод ирэх биш дээ. Гэхдээ хууль хяналтын байгууллага тогтоох ёстой зүйлээ тогтоож, тохирох ял шийтгэлийг нь онооно гэж итгэж байна. Ишдорж гэдэг хүн хоёр, гурван сайн өмгөөлөгч аваад өөрийгөө өмгөөлүүлж байгаа гэсэн. Манай талаас хууль ёсны хохирогчоор талийгаач ахын маань эхнэр орсон. Ажил явдалтай байгаа учраас бид очиж тайлбар, мэдүүлэг өгөөгүй байна. Бид шаардлагатай бол өмгөөлөгч аваад очно.

ТАЛИЙГААЧТАЙ НЭГ АВТОБУСАНД ХАМТ ЗОРЧИЖ ЯВСАН ИРГЭН М: ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ ХҮН ДАЙРЧИХААД БҮТЭН ЦАГ МАШИНААСАА ГАРЧ ИРЭЭГҮЙ

   Харин бид талийгаач Б-тэй хамт нэг автобусаар зорчиж явсан Ховд аймгийн иргэн М-тэй холбогдож, тэр үед юу болсон талаар тодрууллаа. Тэрбээр талийгаачийн арын суудал дээр зорчиж явжээ.
-Тэр өдөр юу болсон юм бэ. Та энэ ослын талаар юу мэдэх вэ?
    -Талийгаачтай би ойрхон суудалд сууж явсан. Ах хөдөөнийх, морь уядаг, малчин хүн гэж байсан. Улаанбаатар руу орж үзээгүй, үзчихээд сэтгэл өндөр явна гэж байсан. Наймдугаар сарын 10-ны 16:00 цагт бид Улаанбаатараас Ховд чиглэл рүү хөдөлсөн. Сансар суманд хоолонд орсон юм. Хоолны газраас гараад ирэхэд автобус хөдлөх гэж байсан учраас зорчигчид бие засах газар орж чадаагүй. Тэгээд нэлээн явж байгаад жолооч “Хурд” ШТС-аас шатахуун авахаар зогссон. Хүмүүсийг бие засаагүй учраас жолооч “Энд бие засах газар бий. Та хэд буугаад бие засвал засаарай. Гэхдээ бүгд буух хэрэггүй шүү. Энд буух ёсгүй байдаг” гэж хэлсэн. Тэгээд урд талын суудалд сууж байсан цөөн хүн буугаад, араас нь талийгаач ах буусан. Талийгаач өврөөсөө тамхи, чүдэнзээ аваад, зам руу нэг алхаад л ийм осол болчихсон. Харвасан сум шиг нүд ирмэхийн зуурт ирээд л мөргөчихсөн. Талийгаач бие засах газар дараалал ихтэй байсан учраас замын эсрэг тал руу гарч, тамхиа татаж, бие засъя гэж бодсон байх. Гэнэт л аймар чанга дуу гарсан. Гэтэл талийгаач 500 орчим метр газар шидэгдэж, унасан. Талийгаачийг дайрсан машин нэг км орчим газар явж, ослын гэрлээ асаагаад зогссон. Тэгээд жолооч нь бууж ирээгүй. Автобусанд зорчиж явсан хүмүүс “Энэ том машинтай хүн хэн бэ. Хүн дайрчихаад яагаад гарч ирэхгүй байна вэ” гээд бухимдаж, машин руу нь очиж үзэхээр болсон ч автобусны жолооч ослын газар руу биднийг явуулаагүй. Тэгээд цагдаа нар ирээд, 20-30 минут болсны дараа Ишдорж машинаасаа хальт бууж ирсэн. Ингэхдээ халаасандаа гараа хийчихээд, юу ч дуугарахгүй байсан. Шоконд орсон байх. Гэхдээ халаасандаа гараа хийчихээд, гэмшихгүй царай гаргаад байсан нь биеийн хэлэмжээр нь мэдэгдэж байсан. Тэр нь хүмүүст таалагдаагүй, дургүйцлийг нь хүргэсэн. Машин дотроо бүтэн цаг юу хийгээд суугаад байсан нь тодорхойгүй. Осол хийчихсэн хүн чинь гүн шоконд орсон ч 30 минутын дараа сэргээд, “Дайрсан хүн маань амьд уу” гээд ядаж бууж ирж болно доо. Тэгээгүй, утсаар яриад л байгаад байсан гэнэ лээ.
-Цагдаа хэн дуудсан юм бэ?
         -Зорчигчид дуудлага өгсөн. Өвөрхангай аймгийн төв бага зэрэг зайтай учраас цагдаа нар 30 орчим минутын дараа ослын газарт ирсэн. Энэ аймшигт осол 00:16 цагт болсон. Цагдаа, түргэнийхэн зэрэгцээд л ирсэн дээ.
-Талийгаачийн цогцсыг та харсан уу. Ямар байдалтай байсан бэ?
       -Би хараагүй. Автобусанд явсан хоёр, гурван эрэгтэй хүн очиж, өргөлцсөн. Хамаг бие нь эргэчихсэн, хүн харахын аргагүй байсан гэж байна лээ. Бурхан минь, тэр машины жолооч аймшигтай хурдтай явж байсан. Бидний ярьж байснаар 160-180 км цагийн хурдтай явсан байх.
-Цагдаагийн газраас та бүхнээс гэрчийн мэдүүлэг, тайлбар авсан уу?
      -Өвөрхангай аймгийн төв рүү орж ирээд, 30 гаруй зорчигчоос тайлбар, гэрчийн мэдүүлэг авсан. "Юу болсныг тодорхой ярь" л гэж хэлдэг юм байна лээ. Бидний ажигласнаар автобусны жолоочийг хариуцлага алдсан, талийгаачийг санамсар болгоомжгүй үйлдэл гаргасан гэж үзэж байх шиг байна лээ. Уг нь автобусны жолооч ах маш ойлгомжтой, давтамжтайгаар дахин дахин анхааруулж хэлсэн. Тэгээд бид 06:00 цагийн үед Өвөрхангайгаас Ховд руу явсан.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ: ОСЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

     Шүүх шинжилгээний дүгнэлт 14-21 хоногийн дараа гарч, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийг яллагдагчаар татаж шалгах ажээ. Бид Засаг дарга А.Ишдоржтой холбогдоход дараах тайлбарыг өгсөн юм.
-Эргэлт.мн мэдээллийн сайтаас холбогдож байна. Таны болон зорчигчдын биеийн байдал зүгээр үү?
       -Зүгээр байна. Би ямар нэгэн зүйл яримааргүй байна.
-Тухайн үед юу болсон юм бэ. Ослын талаар тайлбар авч болох уу?
-Мэдээлэл өгөхгүй. Хуулиараа боломжгүй.

https://ergelt.mn/news/59/single/35708
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn