Супер сонгуулийн жилийн эргэн тойронд

218

АНУ, ОХУ зэрэг их гүрнүүд болон Европын холбоог оролцуулаад 60 гаруй улсад улс төрийн сонгууль энэ онд болж байгаа бөгөөд 2024 оныг “Супер сонгуулийн жил” хэмээн нэрлээд буй. Монгол Улсын хувьд ч ирэх сард УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиа зохион байгуулж, ирэх дөрвөн жилийн ирээдүйгээ тодорхойлох билээ. Тэгвэл энэхүү супер сонгуулийн жил дэх улс орнуудын ерөнхий чиг хандлага болон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Энэ сонгуулийн жил юугаараа онцлог байна вэ?

  1. Орос-Украин болон Израиль-Палестины дайн гарснаар их гүрнүүд болон олон улсын байгууллагуудын асуудал хурцадсан. Дайны улмаас дунд болон бага орлогтой улсууд ихээхэн хохирч, олон улс эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон.
  2. Цар тахлын дараах анхны сонгууль учир эдийн засгийн бодлогууд дахин шинэчлэгдэж байна.
  3. Он гарснаас хойш болсон сонгуулиудаас дүгнэхэд 35-аас доош насны залуу сонгогчдын тоо, идэвх өндөр байгаа бөгөөд манай улсад ч энэхүү нийтлэг хандлага ажиглагдах боломжтой.
  4. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэв. Тухайлбал, Бангладеш улсын Ерөнхий сайдаар Шейх Хасина дахин сонгогдсон бол ирэх зургадугаар сард болох Мексик улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид дандаа эмэгтэйчүүд байв. Түүнчлэн Франц, Бельги, Испани тэргүүтэй улсад эмэгтэй нэр дэвшигчдийн тоо өндөр байгаа аж.
  5. Тайвань, Энэтхэг зэрэг улсын сонгуулийн үр дүн нь цаашдын Хятад-Америкийн харилцааг тодорхойлох болно.

Онцлох сонгуулиуд

Өмнөд Солонгос
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Өмнөд Солонгосын парламентын сонгуулиар И Жэ Мёоны удирдсан Ардчилсан нам 254 суудлаас 161 суудал авч ялалт байгуулсан бол Ерөнхийлөгч Юн Сук Ёлын удирдсан Ардын нам 90 суудал авч сөрөг хүчиндээ ялагдал хүлээжээ. Ерөнхийлөгч Юн Сук Ёл эхнэртээ Dior брэндийн үнэтэй цүнх авч өгсөн нь Солонгосын ард түмний дургүйцлийг хүргэсэн бөгөөд энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Венесуэл
Дэлхийн газрын тосны хамгийн баялаг нөөцтэй Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд орсон хэвээр байгаа. Тус улсыг хүндхэн нөхцөл байдалд оруулсан ерөнхийлөгч Николас Мадуро 2013 оноос хойш энэхүү албаа хашсан бөгөөд энэ жил болох сонгуульд ч дахин нэр дэвших ажээ. Түүний өрсөлдөгч Мария Мачадод ард түмэн нь ихээхэн итгэл үзүүлсэн ч тэрээр авлигын хэрэгт холбогдож нэр дэвших эрхээ хасуулсан байна. Мачадо эрхээ сэргээлгэхийн тулд давж заалдахаар шүүхэд хандаад байгаа юм.
АНУ
Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Жой Байден болон өмнөх ерөнхийлөгч Доналд Трамп нар дахин нэр дэвшин өрсөлдөнө. АНУ одоо үргэлжилж буй томоохон хоёр дайнд нөлөө бүхий байр суурьтай бөгөөд БНХАУ, ОХУ зэрэг их гүрнүүдтэй зөрчилтэй. Иймд арваннэгдүгээр сард болох сонгуульд аль нэр дэвшигч ямар бодлого баримталж ялах нь зөвхөн АНУ-ын асуудал бус дэлхий нийтийн анхаарлыг татсан сэдэв болж байна.

Монгол Улсын хувьд

Манай улс 2024 онд Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар УИХ-ын суудал 126 болж нэмэгдэн, сонгуулийн тогтолцоо холимог тогтолцоонд шилжсэн билээ. Энэхүү 126 гишүүний 78 нь мажоритар, 48 нь пропорциональ системийн дагуу сонгогдох бөгөөд нам, эвслүүдийн нэр дэвшигчид албан ёсоор тодорхой болсон.
Үүнээс гадна энэ жилийн сонгуулийг “Залуусын сонгууль” гэж нэрлэхэд хилсдэхгүй. Учир нь хамгийн залуу нэр дэвшигчид 26 настай бөгөөд өмнөх сонгуулиудтай харьцуулахад нэр дэвшигчдийн нас илүү залуужсан хандлагатай байна. Мөн 2023 оны байдлаар 15-34 насны 1,011,958 хүн байх тул сонгогчдын тал хувийг залуучууд эзэлж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn