Тэнгэр баганадсан барилгууд хэнд, юунд хэрэгтэй вэ!
АНУ, Нидерланд дахь тэнгэр баганадсан барилгуудын эдийн засгийн үр өгөөжийн талаар сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгаагаар давхар өсөх бүр оффисын түрээсийн үнэ 0.6 хувиар нэмэгддэг болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, өндөр барилгын 60-аас дээш давхарт оффис түрээслэхэд 20 давхарт байрлаж байгаа компанитай харьцуулахад нэг кв м талбайг 24 хувиар өндөр төлбөр төлдөг байна. Тэнгэр баганадсан барилга барихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг, ийм барилга хэнд, юунд хэрэгтэй, оршин суугчид нь ямар бэрхшээлтэй тулгардаг талаар дэлхийн өндөр барилгуудын эдийн засгийн шилдэг шинжээч Жейсон М.Барр бичжээ.
Дубайн шөнийн тэнгэрт гарсан онгоцны зорчигчид манай гарагийн хамгийн өндөр барилга болох алдарт Бурж Халифа цамхгийг дахин нэг удаа харахыг хичээдэг. Харцаа доош буулгахад улбар шар өнгийн гэрлээрээ харанхуйг гэрэлтүүлэх усны машины км үргэлжилсэн цуваа хараа булаана. Энэ хоёр дүрслэл хоорондоо холбоогүй мэт. Зам чөлөөлөгдсөн үеийг ашиглан газрын тос тээвэрлэж байна гэсэн бодол орж ирнэ. Арабын Нэгдсэн Эмирт Улс газрын тосны олборлолтоороо дэлхийд эхний аравт бичигддэг тул гайхах зүйлгүй. Олон сая хүн амтай Дубай хот цөл, давст Персийн булангийн зааг дээр оршдог тул ундны ус зөөвөрлөж байна гэж бодох хүмүүс ч бий. Харин зөв хариулт нь санаанд багтамгүй. Боловсноор хэлэхэд усны машинууд Бурж Халифагийн аз жаргалтай оршин суугчдын ялгадсыг ийн зөөдөг. Сонирхолтой нь хүмүүний архитектур, инженерийн ухааны ноён оргил болсон энэхүү бүтээл хотын нэгдсэн шугам сүлжээнд холбогдоогүй байна. Тиймээс л нийтийн аж ахуйн үйлчилгээний цистернүүд шөнийн цагаар ийн урт цуваа үүсгэдэг.
Ратжерс их сургуулийн эдийн засгийн профессор Жейсон М. Баррын бичсэнээр, 1931 онд баригдаж, 1970 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан “Empirе State Building” барилгын зах зээлийн үнэлгээ жил бүр таван хувиар нэмэгдэж байдаг. Гэтэл 1974 онд ашиглалтад орж, 1998 оныг хүртэл мөн л дэлхийн хамгийн өндөр барилгын титмийг зүүж байсан “Sears Tower” цамхгийн зах зээлийн үнэлгээ жилд дөнгөж 1.3 хувиар өсдөг байна. Профессор Барр өөрийн “Үүлэн дундах хотууд” номдоо тэнгэр баганадсан барилгууд хаана, хэрхэн, яагаад баригддаг тухай танин мэдэхүйн сонирхолтой байдлаар бичихийг хичээжээ.
Өдгөө дэлхий даяар өндөр барилгуудыг буум болж байна. XXI зууны эхний 20 жилд өмнөх зуунтай харьцуулахад долоо дахин олон тооны тэнгэр баганадсан барилга сүндэрлэжээ. Эдгээрийн ихэнх нь Азид ногддог. Тус тивд орчин цагт дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож буй арван барилгын ес нь байрладаг байна. Эдгээрээс тав нь БНХАУ-д бий. Дашрамд дурдахад, 2021 оноос хойш тус улсад 500 метрээс өндөр барилга барихыг хориглоод байгаа. Үүнээс өмнө алдарт архитектор Рем Колхасын бүтээл болох CCTV-ийн тэнгэр баганадсан цамхгийн загвар таалагдаагүй тул БНХАУ-ын дарга Ши Жиньпин онц содон хэлбэр бүхий өндөр барилгыг хориглож байсан аж. Хятад улсад барилгын хэлбэр загвартай холбоотой асуудал тийм ч хялбар биш. Шанхайн Дэлхийн санхүүгийн төвийн /492 м/ дөрвөн өнцөгт онгорхой хэсгийг салхины ачааллыг бууруулахын тулд зориудаар гаргасан байна. Үүнээс болж тус барилга бөглөө онгойлгогч шиг харагддаг байна.
Эхний зураг төслөөр тус төвийн онгорхой хэсгийг Хятадын “саран хаалгыг” санагдуулам дугуй хэлбэртэй байхаар төлөвлөж байсан ч орон нутгийн эрх баригчид Японы туган дээрх ургаж буй нартай төстэй гэж үзэн, дөрвөн өнцөгтөөр сольж байжээ.
Дэлхийн нэр алдартай архитекторуудад тэр бүр Хятад шиг ханддаггүй байна. Барилгын зөвшөөрөл авахад туйлын хүнд Лондон хот алдарт архитекторуудад ийм боломж олгох нь элбэг. Судалгаанаас үзвэл Их Британи, АНУ-ын иргэд алдарт архитекторуудын барьсан орон сууцанд амьдрахын тулд 5-17 хувь өндөр үнэ төлөхөд бэлэн байдаг аж.
Тэгвэл тэнгэр баганадсан барилгын өртөг ямар байдаг вэ? Нью Йорк хотын ихэр цамхгийн буурин дээр барьсан Дэлхийн худалдааны төвийн /541 м/ өртөг 3.8 тэрбум ам.доллар байсан бол “One Vanderbilt” оффисын барилга /427 м/ гурван тэрбум ам.доллароор босжээ. Харин аварга Бурж Халифа дөнгөж 2.1 тэрбум ам.доллароор сүндэрлэсэн нь ажиллах хүчний өртгийн ялгаатай холбоотой.
Орон сууц, оффис, зочид буудал, ресторануудад талбай түрээслэхээс гадна тэнгэр баганадсан барилгууд хэрхэн мөнгө олдог вэ? Бурж Халифа цамхгийн орчныг тольдох талбай жил 200 сая ам.долларын орлого оруулдаг байна. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ талбайгаар тус барилга 10 жилийн дотор өртгөө нөхөх байлаа.
Харин “хөгшин” Empire State Building үүгээр жилд 35 сая ам.долларын орлого олдог. Радио, телевиз, үүрэн холбоонд ашигладаг хоёр ган антен нь нэмж 10 сая ам.доллар авчирдаг.
Архитекторуудын хувьд барилгын өндөр бол хязгаар огт биш. Хамгийн гол асуудал нь хүмүүсийг дээд давхруудад хурдан хүргэх, барилгын дотоод хэсэг, тасалгаанд байгалийн гэрлийг аль болох их нэвтрүүлэх, барилга ганхахаас сэргийлэх явдал юм. Гэхдээ энэ бүх асуудлыг төсөвтөө багтаан шийдэх ёстой.
Үүний тулд бетон, лифтний тороосыг илүү боловсронгуй, бат бөх болгох хувилбаруудыг боловсруулдаг. Ирээдүйн хэт өндөр буюу нэг км-ээс өндөр барилгуудын хувьд өндрийн өвчний асуудлыг шийдэх шаардлага гарна. Өндрийн өвчин нь агаарын даралт огцом өөрчлөгдөхөд үүсдэг. Ойрын 20 жилд дэлхий дахинд нэг км-ийн өндрийн босгыг давсан хоёр барилга сүндэрлэнэ гэж Барр таамаглаж байна.
Харин архитектурын шийдлийн хувьд гайхамшгийг үзүүлнэ. Тухайлбал, хөндлөн тэнгэр баганадсан барилга тоглоом биш болжээ. Саудын Арабт өдгөө хотын хөгжлийн “The Line” амбицтай төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү аварга барилга нь өндрөөрөө 500 м, өргөнөөрөө 200 м, уртаараа 170 км байх гэнэ.
Энгийнээр хэлэхэд, энэ нь нэг дээвэр доорх бүхэл бүтэн хот байх юм. Энд дор хаяж 9 сая оршин суугчийг багтаахаар төлөвлөж байгаа нь Нью Йорк хотын хүн ам гэсэн үг. “The Line” барилгын гол онцлог нь тээврийн систем. Үүний тусламжтай оршин суугчид нь 20 минутын дотор нэг захаас нөгөө зах руу нь хүрэх юм. Үүний тулд төмөр замын шугам эсвэл hyperloop технологийг ашиглахаар төлөвлөж байна. 2027 он гэхэд ашиглалтад орох эхний блокийн хүн ам нэг сая байх аж. Ингэхдээ оршин суугчид нь цөл, уулсын дунд сүндэрлэх “The Line” барилгаас гаралгүй бүхий л хэрэгцээгээ хангах боломжтой. Төслийн өртөг нь нэг их наяд ам.доллар болно гэж тооцоолж байна. Амжилттай хэрэгжсэн тохиолдолд “The Line” ирээдүйн хотын талаарх бидний төсөөллийг орвонгоор нь эргүүлэх жинхэнэ хувьсгал болох юм.
https://news.zindaa.mn/4y6r