Өндөр гэгээний нэрэмжит шагналыг бурханч лам Г.Пүрэвбат хүртлээ
“Өндөр Гэгээний соёлын өв” Олон Улсын урлагийн наадмын шилдгийн шилдэг шагналыг МУСГЗ, олноо бурханч лам хэмээгддэг Г.Пүрэвбат хүртсэн байна. Тэрээр “Монгол зураг” хэмээх бүтээлээрээ энэхүү шагналыг хүртсэн бөгөөд аймгийн Засаг дарга А.Ишдорж, МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр, Хурд хамтлагийн ахлагч МУГЖ Д.Ганбаяр, зохион байгуулагч,зураач С.Чулуунбаатар, аймгийн Соёлын хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, Өндөр гэгээний өлгий нутаг Есөн зүйл сумын Засаг дарга Т.Бат-Өлзий нарын хүмүүс Аглаг бүтээлийн хийдийг зорин очиж, түүнд шагналыг гардуулаад байна.
Уралдааны төрөл тус бүрийн тэргүүн байранд МУЭ-ийн гишүүн, зураач Ц. Хөвсгөл далай, МУҮГЗ, төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, МУЭ-ийн гишүүн, зураач Н.Мөнхтуул, өв уламжлагч Н.Жанцан нар шалгарчээ.
“Өндөр Гэгээний соёлын өв” Олон Улсын урлагийн наадмыгуран зураг, монгол зураг, уран хатгамал, арьсан болон эсгий урлал, баримал, уран дархан, сийлбэр,өв уламжлагч, орчин үеийн урлаг гэсэн төрлөөр зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, дэлхийн 15 улсын 230 гаруй уран бүтээлчид 690 гаруй бүтээлээр оролцсон байна.