“Соёлын өв хамгаалагч” үнэмлэх олгоно
Аймгийн соёлын салбарынхан “Өв хамгаалагч" сарын аяны нээлтийг өчигдөр Тарагт сумын “Бага таван толгойн хөндий”-д зохион байгууллаа.
Аян нээлтэд аймгийн удирдлагууд, соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцож,соёлыг өвийг хамгаалахтай холбоотой олон чухал асуудлыг хөндөн ярилцлаа. Тухайлбал, соёлын өвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, соёл, хууль, хяналт, өв хамгаалагч, иргэдийн хамтын үйл ажиллагаа нэгдмэл тогтолцоо чухал байгааг онцлов. Мөн түүхийн үл хөдлөх дурсгалт зүйлийн нэг болох хадны сүг зураг, хадны бичээс нь түүхийн ач холбогдлоо алдаж, хүүхэд, залуус хадан дээр сониуч зангаар юу хамаагүй зурж бичиж байгааг анхаарч ажиллах шаардлагатайг дурдаж байв.
Аяны хүрээнд соёл, хууль сахиулах байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулах үүднээс аймгийн зөвлөгөөнийг хийх,иргэд олон нийтэд хадгалагдаж байгаа баримтат өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх, аймгийн хэмжээний 400 орчим соёлын өв хамгаалагчдад “Соёлын өв хамгаалагч” үнэмлэх олгох ажлыг зохион байгуулах, соёлын өв хамгаалагчийг сурталчлан алдаршуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа аж.