SOS! Малын халдварт өвчин гараагүй аймаг үлдсэнгүй

305

Монголын буян барагдашгүй, монголчууд заяа өндөр ард түмэн хэмээн бид цээжээ дэлддэг. Хүнсний ногоо бусад зүйл яамай, мах гурил байхад болчихно гэлцдэг.  
Тэгвэл монголчууд улсаараа өлсөх өдөр  ирж мэдэх нь ээ. Ийм нөхцөл байдал нэлээд эрт хаалга тогшжээ. Гэвч салбарын яамныхан  нь сайдаасаа өгсүүлээд арьсаа хамгаалж, арга саам хайж   хариуцлагаас бултсаар  өнөө хүрэв үү?  Эрэн сурвалжлагын явцад бид ийм дүгнэлтэд хүрлээ.
Монгол Улс 21 аймаг, есөн дүүрэг, 320 сумтай. 
Малын халдварт өвчин бүртгэгдээгүй  аймаг үлдсэнгүй. Одоо хүнсэнд хэрэглэж байгаа малын мах вакцины нөлөө арилсан уу, үгүй юу. Өвчилсөн, эсвэл вакцины хор арилаагүй  малын мах хэрэглэж байгаа юм биш биз гэдэгт ямар ч хяналт алга.
 
 Хэн хаанаас ямар мах нийлүүлж, тэрийг нь ченжүүд хэрхэн зохицуулж байгааг таашгүй. Салбарын яам бодлого зохицуулалт хийсэн гэдэгт итгэх аргагүй.  Малын өвчлөл “аалзны тор”  шиг хэрж, хүн, малын эрүүл мэнд аюулын ирмэгт оччихсон  байхад  малын гоц халдварт өвчний  хүрээг нь хумьж чадаагүй газар авахуулсан салбарын яам, сайдаас илүүг хүсээд ч  нэмэргүй ажээ. Өнөөдөр захын  аймаг л гэхэд нийт сумынх нь  50 хувь, түүнээс илүү нь  хорио цээрийн дэглэмд шилжиж,  нийслэлийн зарим  дүүрэгт  нэг хороо  36 голомтод  мал  өвчилсөн тоо баримт бүртгэгджээ.
 
Оны эхэнд малын гоц халдварт дөрвөн төрлийн өвчин бүртгэгдсэн бол гуравдугаар сараас хойш 14 аймгийн 85 сумын 146 мянган толгой мал шүлхийгээр өвчилжээ. Түүнчлэн зургадугаар сарын дундуураас  дахин баруун аймгуудад  малын гоц халдварт өвчлөл бүртгэгдээд эхэлжээ.  Үүнээс цааш Өмнөговь аймгийн найман сум, Говь-Алтайн Шарга, Дорнодын  11 сум, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Ховд  гээд аймгууд толгой дараалан малын гоц халдварт  өвчин илэрснээр замбараагаа алдаж,   байдал бүр  ч  биш болж ирлээ.
Энэ чиглэлийн  бүртгэл мэдээлэл, шинжилгээний ажлыг   Мал эмнэлгийн ерөнхий газар  тухай бүр хийж  салбарын яамандаа  тайлан мэдээгээ өгч байсан байж таарна. Харин Засгийн газрын гишүүн, салбарын сайд нь Ерөнхий сайддаа болон УОК-т мэдээлж байсан уу, мэдээлээгүй дарчихсан уу. Хэрэв мэдээлсэн бол түүнийх нь мөрөөр ямар ажлууд хийсэн, хэрэгжилт ямар байсан талаар мэдээлэл  бүрхэг юм.  Энэ асуудалтай холбоотой  хуулиудыг авч үзвэл 21 аймаг байтугай хоёр, түүнээс түүнээс дээш аймагт  хүн, малын онц аюултай гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Засгийн газар яаралтай хуралдаж, УОК-оос хорио цээрийн дэглэм тогтоох заалттай.  Түүнчлэн хил залгаа хөрш орнууд болон ДМАЭМБ-д 24 цагийн дотор мэдээлэх үүрэгтэй байдаг юм байна. Гэтэл  манай улс  хуулиа хэрэгжүүлээгүйн дээр хөрш орнууддаа мэдээлэлгүй нуун дарагдуулсан нь  Олон улсын шүүхийн хаалга татахад хүргэх маш ноцтой  гэмт хэрэг болж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь Монголд малын өвчлөл газар авсан тухай дүн мэдээг олон улсын мэдээллийн порталууд аль эрт  тавиад эхэлжээ.  Иймдээ тулбал ганц З.Мэндсайхан  сайд хариуцлага хүлээх үү, Монгол Улсын Засгийн газар танхимаараа шүүхэд дуудагдах уу, эсвэл Ерөнхий сайд  нь хэрэг үүрэх үү?
 
 Дорнод аймагт илэрсэн үхрийн товруут  өвчин хийгээд түүний  цаад угшил, хор хөнөөлийн  асуудлыг  уяач сайд З.Мэндсайхан  мэдэхийн дээдээр мэдэж байж таарна. Уг нь нууж хаах биш харин ч ил гаргаж ирж шийдүүлбэл зүүн болон  говийн бүсийн ард түмний мал сүрэг, цаашлаад амь нас эрүүл мэндэд тустай байх сан гэдгийг малчид, иргэд бас хэлж байна лээ. Сая Дорнод аймагт илэрсэн үхрийн товруут өвчин гэхэд нэрийг  манайхан Африкийн орнуудаас гаралтай олон улсын худалдааны хорио цээрийн  жагсаалтаас л  харж байснаас биш  Монголд бүртгэгдэж байгаагүй. Тэгвэл манай улсад  анх удаа бүртгэгдэж, зүүн гурван аймагт  шинэ төрлийн өвчний голомт  нэгэнт бий болчихлоо. Дээр нь адууны өвчлөл газар авсан ч нуун дарагдуулж ирсэн мэдээлэл дуулддаг.
 
 Цаашид  дэлхийг дэлдийлгэсэн мал, амьтны  аймшигт өвчнүүд Дорнод аймгаас  гарч, хүмүүст халдварлан тархаж  болзошгүй. Энэ янзаараа бол эрхэм сайд  үнэнийг хэлэхгүй гүрийж явсаар  мал сүргийг хиаруулж байгаа шигээ хүн амаа  хөнөөж мэдэх нэгэн байна. Учир юу гэвэл, Дорнод аймагт манай улсын нэртэй том уяачдын  эрлийз голдуу адуун сүрэг байдаг. Заримынх нь Сүхбаатар, Хэнтий аймагт бий.  Тэд Хятадаар дамжуулан Араб, Англиас  “Эрээн экспорт” нэрээр адуу оруулж ирдэг. Дорнодын Хавиргын боомт, түүнчлэн Алтанбулаг, Боршоо боомтуудаар хулгайгаар  зөөвөрлөдөг. Мэргэжлийн хяналтынхан, ХХААХҮЯ, хил гаалийнхан гэсэн “бүлэглэл”-ээр энэ ажлыг хийдэг гэх. Адууны ям, адууны “ДОХ” гэгч халдварт өвчлөл газар авч хэдэн зуугаараа үхдэг ч түүнийгээ  нуучихдаг. Зүүн аймаг, сумдын уяачдад эрлийз адуугаа  бэлэг болгон тарааж, давхар адууны өвчлөлийг тархааж байгаа, түүнээс нь хүн амын эрүүл мэндэд онц аюултай вирус тарж болзошгүй. Иймд гадаадын морин тойруулгын жоккейчин эрлийз адуунаас хүнд халдварласан менингит өвчнөөр нас барсан явдал гарч байсан гашуун туршлагыг сануулах юун.
 
Үхрийн товруут өвчний хувьд  устгахаас өөр эмчилж эдгээх талаар боломж хомс байдаг. Манай улсад бүртгэгдээгүй өвчин тул вакцины нөөц хүртээмж муу байгаа  тул  энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Туваан  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас асуусан байдаг. Үүнд тэрбээр “ ...769 үхрийг устгалд оруулсан. 93.4 мянган үхрийг вакцинжуулсан. Энэ өвчин Дорнод аймгийн 13, Сүхбаатар аймгийн 5, Хэнтий аймгийн нэг  гээд нийт 3 аймгийн 19 суманд 59 голомт бүртгэгдсэн. Хариу арга хэмжээг сайн авсны  дүнд аравдугаар сарын 4-нөөс хойш нэмж бүртгэгдээгүй. Халдварын идэвхжил буурч байна" хэмээн хариулж байсан.  Тэгвэл өнөөдөр Дорнод аймгийн нэг суманд л гэхэд 400, түүнээс дээш тооны  үхэр устгалд оруулан газарт булах  ажил эхлүүлсэн нь  дуусаагүй үргэлжилж байгаа. 11 сумын заримд 50, зарим газар 80 орчим хувьтай устгалын ажил явж байна.  Вакцинжуулалт эхлүүлсэн ч вакцины  нөөц, хүрэлцээ  дутмагаас   зогсчээ. Удахгүй хүйтрэхээр газар ухах,  устгасан, үхсэн  үхрийн  сэг зэмийг булах ажлууд улам л удааширна. Дээр нь товруут өвчний устгал хийж дуусаагүй байтал  зэрэгцээд үхрийн шүлхий гарч эхэлснийг малчид, иргэд мэдээлж байгаа юм. Тэгэхээр З.Мэндсайхан сайд өвчилсөн үхрийг устгаж, бараг 100 хувь вакцинжуулсан гэж ойлгогдохоор мэдээлэл өгсөн байгаа юм. Харин нэг зүйл үнэн байгаа нь хүйтэн сэрүүн болсноос тэр үү, үхрийн товруут өвчин нэмж бүртгэгдэхгүй байгааг малчид хэлсэн. Сумын Засаг дарга нар руу нь  холбогдож албан ёсны тоо баримтыг асуухад   “Товруут өвчнөөр өвчилсөн үхрийг устгаж байгаа, ажил дуусаагүй.  Тоо толгойг нарийн  хэлэхгүй. Дуусахаар нь албан ёсоор хэлнэ” хэмээж буй.
 
 Засгийн газар  махны экспортыг он дуустал зогсоохоор шийдвэрлэсэн. Учир нь мах зөөсөн тээвэрлэгчээс “covid-19 өвчний халдвар илэрсэн” гэсэн шалтгаанаар урд хөрш мах авахгүй, манайх ч гаргахгүй болсон. Гэтэл  “covid-19 –ийн халдвар ч биш ерөөс  малын гоц халдварт өвчлөл жинхэнэ тахал, гамшиг болсон учраас экспортоо тэглэхэд хүрсэн юм биш үү.  Үүнийгээ ченжүүд малын өвчний талаар мэдлэггүйн улмаас хорио цээр тогтоосон газруудаас мах авч  өвчин тараасан, малчид хуулийн мэдлэггүйгээс мал нь өвчилсөн байхад өөр нутаг руу нүүдэл суудал хийж тараасан гэж бурууг бусад руу чихсэн ч  хариуцлагаас бултаж чадахгүй л болов уу. Салбарын яам бодлого, хэрэгжилтийн жолоо цулбуурыг атгаж залж чиглүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь  махны экспортыг бараг тэглэж, мах бэлтгэх, нийлүүлэх бүх квотыг хятадуудын гарт өгөн  үндэсний компаниудаа цааш түлхэж, эдийн засгийг  чирэгдүүллээ. Өнөөдөр  гадагшаа мах гаргахыг  зогсоосон, дээр нь өвлийн улиралд махны үнэ буурдаг. Гэтэл  дотоодын зах, дэлгүүрт  махны үнэ тэнгэрт хадаж байна. Экспорт зогссон байхад мах магнаг болсон тухайд “ХХААХҮЯ Орос   руу мах гаргах квот өгч байгаа. Тэрийг нь мөн л хятадууд авч Орос руу мах гаргаж, цааш нь Хятад руу өгч байна. Ийм учраас махны эрэлт,  үнэ  тариф буухгүй байгаа юм”  гэж энэ чиглэлээр бизнес эрхлэгчид ярьцгааж байна. Монголын модыг бариулж, гурван сая иргэнээ хоосон хонуулахад хүргэсэн  “морь унасан толгойгүй яам”  -ыг  ҮАБЗ анхааралдаа аваасай. 
 
Т.ТУНГАЛАГ: ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ШААРДЛАГЫГ ХАНГАХ  ЁСТОЙ/Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл  мэндийг хамгаалах газрын дарга/  
сонин mn
 
-Өнөөдрийн байдлаар манай улсад малын гаралтай ямар өвчин хэдэн аймагт бүртгэгдсэн байна вэ? -Он гарсаар малын гоц халдварт дөрвөн төрлийн өвчин бүртгэгдсэн. Гуравдугаар сараас хойш 14 аймгийн 85 сумын 146 мянган толгой мал шүлхийгээр өвчлөөд байна.
 
-Шүлхий өвчний тархалт аль аймагт их байна? -Анхны голомт Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт гуравдугаар сард бүртгэгдсэн. Дөрөв, тавдугаар сард өвчлөл гараагүй. Зургадугаар сараас өвчлөл дахин нэмэгдсэн.  Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Төв, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймагт хорио цээрийн дэглэмтэй байна.
 
-Шүлхий огт бүртгэгдээгүй аймаг манай улсад үлдсэн үү? -Үгүй. Говь-Алтай аймагт 1957 оноос хойш, Увс аймагт 1964 оноос хойш шүлхий өвчин бүртгэгдээгүй байсан. Гэтэл энэ жил бүртгэгдсэн. Баянхонгор аймаг гоц халдвар бүртгэгдээгүй ногоон бүс байсан. Гэвч энэ жил хэд хэдэн голомт бүртгэгдсэн.
 
-Махны экспортыг он дуустал хориглосон. Танайхаас зөвлөмж хүргүүлсэнтэй холбоотой юу? -Манайд шүлхий өвчний голомт цөөн биш. Тиймээс олон улсын худалдааны байгууллагын шаардлагын дагуу бид энэ өвчнийг зогсоож, хяналтандаа авсны дараа махаа экспортлох ёстой.
 
-Адууны ям өвчин хэдэн аймагт бүртгэгдсэн бэ? - 1-2 аймагт бүртгэгдсэн. Өөр нэмэлт мэдээлэл өгөхгүй.
 
Л.ЧОЙ-ИШ: БУЛАНГИЙН ОРНУУД РУУ МАХ ЭКСПОРТОЛНО/ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/ 
сонин mn
 
-Малын өвчлөл их байхад махны нөөцийг бүрдүүлэх ямар зохицуулалт хийж байна. 21 аймагт шүлхий өвчин бүртгэгдлээ. Экспортоо хаасан ч дотооддоо шүлхийтэй мах идэхгүй гэсэн баталгаа бий юу? -Дотоодын болон гадаадын зах зээл дээр өвчлөл мах бэлтгэлийг хязгаарладаг. Хүйтний улирал дөхөөд ирэхээр монголчууд өвлийн идэшээ бэлтгэдэг.  Мах бэлтгэлийн ажлыг ХХААХҮ-ийн сайд, Шадар сайдын хамтарсан 011 албан тушаалаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мах бэлтгэлийг эрүүл бүсээс зохион байгуулах даалгавар өгсөн. Халдвар гарсан аймгуудын тоо олон ч хамарч байгаа голомт нь цөөн.
 
-Мах экспортод Хятад улс  хилээ хаасан. Орос руу гаргаж байгаа юу? -Үүнийг улс орноор нь хязгаарлаж ярьж болохгүй. Хятадын тал долдугаар сарын 6-наас хойш мах аваагүй. Энэ нь бүтээгдэхүүний гадаргаас ковид илэрсэнтэй холбоотой. Иймээс махаа экспортод гаргахын тулд ариутгасан цэвэр орчинд бэлтгэх, ариутгах шаардлага гарсан. Засгийн газар инфляцийн өсөлтөөс сэргийлэхийн тулд ажлын хэсэг байгуулж ажилласан. Тодорхой хугацаанд аж ахуй нэгжүүдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд арванхоёрдугаар сарын 31 хүртэл махны экспортыг хязгаарлах шийдвэр гаргасан.  БНХАУ-аар дамжин болон тухайн улс руу явдаг чиглэлд мах экспортлохыг Хятадын тал хориглосон. Хятадаар дамждаггүй булангийн орнууд руу багахан хэмжээнд жилдээ 800-900 тонн мах экспортолдог. Шинээр гэрээ байгуулсан эдгээр газруудад  экспортын тогтвортой байдлыг хангахын тулд багахан хэмжээний мах  экспортолно.
 
-Махны экспорт зогссон байхад дотоодод махны үнэ яагаад буухгүй байна вэ? -Өвлийн сар гарсан ч дулаан байгаа учир нийт махны нийлүүлэлт нэмэгдээгүй байна. Бидэнд ирсэн мэдээллээр аравдугаар  сарын 20-д той харьцуулахад махны үнэ тодорхой хэмжээгээр буурсан байна. Махны үнийг бууруулах нь бидний зорилго биш. Тэнцвэртэй, тогтвортой, чанар аюулгүй байдал хангасан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь бидний үндсэн зорилго юм.
 
Б.ДОЛЖИНЖАВ, Ч.ҮЛ-ОЛДОХ 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn