О.Хишигбаатар: Сэтгэлийн хаттай байх эрдэмд үндэсний бөх л сургадаг

408

А.ДОРЖХАНД
 
Уламжлал болгон зохион байгуулдаг сумын заануудын барилдаан  93 дахь удаагаа амжилттай боллоо. Тус барилдаанд нийт 608 бөх зодоглосон юм.  Үүнээс тав давж, шөвгийн наймд үлдсэн Өвөрхангай аймгийн  Баян-Өндөр сумын харьяат сумын заан О.Хишигбаатартай  ярилцлаа.
 
-Их шөвөгт шалгарсанд баяр хүргэе. Зургаагийн даваанд таны ам авсан бөх сонирхол татаж байлаа?
-Энэ удаагийн барилдаанд тав давж ам авах боломж гарсан. Би Говь-Алтайн Хишигдорж,  Сэлэнгийн Амархүү, Архангайн С.Сүхбат гурваас амласан. С.Сүхбатын хувьд ид сайн барилдаж байгаа учир удахгүй том цолонд хүрнэ гэж бодож явдаг. Үүнээс гадна нэг сонин юм ярихад өнгөрсөн жил “SPS” телевизийн бөх тайлбарлагч О.Наранбаатар ах өөрийн гаргасан  номоо бэлэглэх таавар явуулсан юм. Тухайн таавар нь сумын заануудын барилдааны тавын даваанд  тунах бөхийн нэрийг таасан хүнд номоо бэлэглэнэ гэсэн байв. Тэр тааварт нь би С.Сүхбат гэж бичээд тухайн номыг бэлгэнд авч байлаа. Тиймээс сайн сумын заантай барилдаж үзье гэж бодоод амласан.
-Таны удамд барилддаг хүн бий юу?
-Манайх Баян-Өндөр сумынх. Хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу гэдэг. Мөн манай нутгийг Монголын төв цэг хүйс нутаг ч гэлцдэг. Энэ нутагтаа бид үе удмаараа амьдарч байна.  Манай аав залуудаа барилддаг байсан. Цэрэгт байхдаа тангаргийн баяраар барилдаж, үзүүрлэж байсан. Харин ээжийн талд барилддаг хүн цөөнгүй бий. Аавын минь тал адуучин хүмүүс байдаг. Буурал өвөө минь Аймгийн хошой аварга адуучин. Аав, өвөө хоёр минь адуу сайхан уургалдагаараа алдартай, адууг сайхан эдэлдэг эрэмгий хүмүүс байсан. Тийм болохоор би ч багадаа тэднийг дагаж адуунд дуртай болсон. Хүүхэд байхдаа  сумынхаа 100 дааганы уралдаанд даага уяж айргийн дөрөвт хурдлуулж байлаа.
- Хэзээнээс барилдах болов?
-Анх 2004 онд сумынхаа 80 жилийн ойн наадмын хүүхдийн барилдаанд 10 настай байхдаа барилдаж байлаа.Тэр үед би хурдны морь унадаг байсан юм. Тухайн үед өндөр хүүхдийг өндөртэй нь, намхан хүүхдийг намхантай нь барилдуулчихдаг байсан. Даваа ахих тусам өндөр хүүхэдтэй барилдана гэсэн үг. Ингэж барилдсаар анхны хүрэл медалиа хүртэж байлаа. Бага байсан учир анхны медаль маань их сонин, содон санагдаж билээ. Миний бага нас хөдөөний хүүхдүүд яаж өсдөг билээ түүнтэй л ижил өнгөрсөн. Хонь ямаа саана, хурдны морь унана. Жаахан томроод унага татна. Намайг жижиг биетэй учир спортоор хичээллэвэл үр дүнтэй гэдэг байсан. Үндэсний бөх арал чац шаарддаг болохоор тэр л дээ. Багадаа нутгийн ах Д.Жамъяанпүрэв начингийн барилдааныг их үздэг байлаа. Дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай, уран гоё барилдаантай бөх шүү.
-Үүнээс хойш өсвөрийн олон тэмцээнд  орж, туршлага хуримтлуулсан байх даа?
-Дунд сургуульд байхдаа хотод шилжиж ирсэн. Гэтэл хувийн хэрэг дээр багш маань барилдах дуртай гээд биччихсэн байсан. Тиймээс бөхийн тэмцээн болвол л намайг оруулдаг байлаа. Санаанаас гардаггүй нэг тэмцээн бий. Тэр нь дүүргийн аварга шалгаруулах “Олимпийн гараа” гэсэн жүдо бөхийн тэмцээн. Би хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Хөдөөний хүүхэд учир жүдо бөхийн дүрмийг сайн мэдэхгүй. Тэгтэл тэр тэмцээнд манай нагац ах Д.Жамъяанпүрэв начинтай хамт ирчихсэн сууж байв. Барилдаж байгаад ах руугаа хартал Д.Жамъяанпүрэв начин “давхар хам” гэж гараараа дохисон. Би тухайн мэхийг нь хийж илүү оноогоор ялж хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед дэмждэг бөхөөрөө мэх заалгаж, амжилттай барилдсандаа сэтгэл дүүрэн, баяртай байж билээ.
-Сумын цолыг хэзээ хүртэв?
-2014 онд сумынхаа 90 жилийн ойгоор начин цол авч байсан. Тухайн үед би оюутан байсан. Хэдий бөхөд дуртай ч сонгосон мэргэжил маань ШУТИС-ийн зам ангийн инженер учир хичээлээс гадуур завсар зай тун бага. Тухайн үед  нутгийнхаа бөхчүүдийг бэлтгэл хангах нөхцлөөр хангасан “Бумбат зүрх” компанийн захиралд талархаж явдаг. Өөрөө ч бөхийн удамтай  хүн байдаг.  Манай сумын  аймгийн болон  сумын цолтой бөхчүүдэд 24-р сургуульд заал гаргаж өгсөн юм. Би хичээлийнхээ дараа тэнд очиж бэлтгэл хийдэг байлаа. Тэр зун сумынхаа ойд очоод анх удаа аймгийн цолтой бөхтэй таарч барилдсан. Тухайн барилдааны эхний өдөр би гурвын даваанд унасан юм. Гэтэл маргааш нь манай сумынхан ярилцаад сумын начин цолноос доош 64 бөхийг сугалаагаар барилдуулъя гэж шийдсэн. Тус барилдаанд би гурван сумын начинг давж сумын начин цолыг авч байлаа. Аав минь тэгэхэд надад “Миний хүү гурван сумын начинг давлаа. Сумын заан цол авнаа” гэж хэлсэн. Үүнээсээ их урам авсан. Дараа жил нь бэлтгэлээ улам чамбай хийх болсон. 2015 оны намар улсын харцага Г.Элбэг багшийнхаа удирдлаганд бэлтгэлээ хангасан. Зурагтаар л хардаг байсан аварга, арслан, заануудтай хамт бэлтгэл хийж байлаа. Ингэж бэлтгэл хийсэн минь үр шимээ өгч сумын заан цолыг авахдаа “Их монгол Шаравжамц” аваргын нэрэмжит тойргийн барилдаанд түрүүлж авч байлаа. 
-Сумын заануудын барилдаан жилээс жилд чанаржиж, сайжирч байгаа нь ажиглагддаг?
-Жилээс жилд сайжирч байна. Уран барилдаантай залуучууд ч олон болж. Анх сумын заануудын барилдаанд барилдах үеийн дурсамж сэтгэлд тод байдаг. Учир нь гараад барьц ч авч чадахгүй уначихдаг байлаа. Жил өнгөрөх тусам даваа нэг нэгээр ахидаг болсон. Миний хувьд бие жижигтэй учир илүү хараатай барилдаж, хүний алдаан дээр нь мэх хийдэг.
-Хамгийн анх улсын цолтой ямар бөхтэй барилдаж байв?
-Нэг дурсамжтай барилдаан бий. 2018 онд би сургуулиа төгсчихсөн. Том хүүхэд маань төрчихсөн байлаа. Айл гэрийн эзэн болчихсон. Гэтэл улсын харцага уран барилдаант Ч.Даваадоржийн нэрэмжит барилдаан болно гэсэн зар байв. Ингээд тэр барилдаанд очсон. Нэгийн даваанд хамт очсон найзтайгаа таарсан. Хоёрын даваанд улсын начин Б.Сугаржаргалтай барилдсан. Начин надаас хамаагүй биеэр том, жүдо бөхөөр барилддаг. Барилдаж байгаад начины дор орчихлоо. Гэтэл хажуунаас засуул маань “Чи наанаасаа л гарвал давна шүү” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод  зориг ороод давж байлаа. Харин гурвын даваанд Б.Сангисүрэн начиныг давж уран барилдааны шагналыг Д.Төмөрхүлэг гавьяатаас  авч хүүгийнхээ төрсөн өдрийн бэлэг болгож байлаа. Дараа нь авто замын 90 жилийн ойн барилдаанд Ч.Санжаадамба аваргыг давсан. Аварга бол монгол түмний хайртай бөх. Мөн манай аавын хамгийн их дэмждэг бөх нь.
-Залуу бөхийн хувьд өнөөгийн үндэсний бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монгол бөх тэр чигээрээ хүмүүжил юм. Улсын цолтой болон үеийн залуучуудаас үргэлж үлгэр дуурайл авдаг. Цаашдаа ч энэ өв соёл өвлөгдөөд явах байх. Үндэсний бөх маань мэргэжлийн түвшинд хөгжчихсөн.Нэгийн даваанаас л чанга болсон.Том барилдаанд бага цолтой сумын заан ч таавар эвдэж дээшээ барилдаж болохоор боллоо. Хүн зорьсон зорилгынхоо төлөө цаг хугацаа хөлс хөдөлмөрөө зориулж байж амжилт ирдэг. Монгол бөхийн үүсэл хөгжлийг 700-1000 жилийн түүхтэй гэж бичсэн байдаг. Монгол бөхийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулаасай гэж би боддог юм. Заавал бөх болгох албагүй. Энэ спортоор хичээллэсэн хүүхэд сайхан эр хүн болж төлөвшинө. Монгол бөхөөр дамжуулж эр хүн болж хүмүүжнэ. Зөв хүн болоход нэмэртэй юм болов уу. Барилдахад бие бялдарын хөгжлөөс гадна сэтгэл санааны хөгжил их чухал. Зөв унах, зөв барьц авах гэх мэт. Шүүмжлэлийг ч бөхчүүд бид зөв хүлээж авах хэрэгтэй гэж боддог. Заавал даваа авч түрүүлж, үзүүрлэхдээ гол биш эр хүнийхээ хувьд сэтгэлийн хаттай байх гэсэн хамгийн том эрдэмд үндэсний бөх л сургадаг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn