20 тонн шатахуун тээвэрлэсэн автомашин онхолджээ
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Голын-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 44 км-т/ Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдсон байна.
Онцгой байдлын газар зургаадугаар сарын 08-ны өдрийн 19:30 цагт дуудлага хүлээн авчээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллаж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүрэгдэй” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын талбайд 22 тонн түлш хүргэхээр иргэн М /49 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Танклори” загварын цистерн онхолдсон байсныг 22:40 цагт татаж босгосон байна.