Үерийн далан "эвдсэн" газар, барилгын зөвшөөрлүүдийг прокурор шалгаж эхэллээ

219

Хэдхэн хоногийн өмнө хотод үер буулаа. Байгалийн гэхээсээ хүний, тэр дундаа албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой үер байв. Ямар сайндаа л олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг "Авлигын үер" хэмээж байх вэ дээ.
Хамгийн гол нь наадмын өмнөх үер татарсан ч эрсдэл хэвээр үлдсэн. Ахиухан бороо ороход л дахина. Тэгэхээр болзошгүй үерээс яаж хамгаалах вэ гэдгээ бодох хэрэгтэй болсон. Үүний тулд эхлээд үерийн хамгаалалтын бүсэд баригдсан даланг чөлөөлөх ёстой. Өөрөөр хэлбэл, үерийн даланг хааж барилга барьснаас үер "буусан" гэдгийг хаана хаанаа ойлгосон. Гэхдээ энэхүү хууль бус, ард нь авлига нуугдаж байж болзошгүй асуудлыг хууль хяналтынхан шалгаж тогтоох учиртай.
Наадмын үеэрх үер нэгэнт улсын хэмжээний гамшгийн хэмжээнд тулсан тул Засгийн газар анхаарал тавьж эхэлсэн. Ерөнхий сайд тэр үеэр газар дээр нь очоод үерийн далан руу түрж газар олгосон, түүн дээр нь баригдсан барилгуудын талаар чангахан арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Ойрд яригдаад, шүүмжлэгдээд байгаачлан "Нураана" гэсэн ч бололтой юм. Улмаар энэ асуудлыг шалгуулахаар АТГ, прокурорт хандсан тухай хэвлэлүүд наадмын өмнө мэдээлж байв.
Мөн уржигдар болсон Засгийн газрын хуралдааны үеэр "Хувийн эрх нийтийн эрхээр хязгаарлагдах ёстой" гээд "Авлигал хороолол"-ын асуудлаар шүүхэд давж заалдах үүргийг Хотын даргад өгчээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд прокурорын байгууллага ч энэ асуудлыг уг үндсээр нь шалгаж эхэлсэн байна. Прокурорууд үерийн даланг "эвдэж", голын урсгал барилга байгууламж барьсан хийгээд газар олгосонтой холбоотой бүх зөвшөөрөл, холбогдох баримт материалуудыг Хотын захиргаа, БОАЖЯ, БХБЯ-наас татаж авч буй юм байна. Яагаад гэхээр, энэ бүх гамшиг, эрсдэл нь газар хэрхэн, яаж, хэний гараар олгогдсоноос үүдэлтэй байх магадлал өндөр юм. Нийтээрээ л ингэж үзэж байна. Асуудал болоод байгаа "Авлигал хороолол"-ын газрыг л гэхэд хамгийн анх 2008 оны нэгдүгээр сарын 18-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав 23 тоот захирамжаараа "Эм энд Жи констракшн" ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар 11.8 га газрыг ашиглах эрх олгосон. Дараа нь 2008 оны есдүгээр сарын 17-нд Хотын дарга Т.Билэгт 442 дугаар захирамжаараа дээрх 11.8 га газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д олгосон. Тухайн үед газрын дуудлага худалдаа болж, "Эм энд Жи констракшн" ХХК нь 380 орчим сая төгрөг төлж байжээ. Үүний дараа "Капитал" банктай газрын маргаан үүсэж, Хотын дарга Г.Мөнхбаяр 2011 оны гуравдугаар сарын 25-нд 256 тоот захирамжаараа тус банк руу шилжүүлсэн. Харин  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу 2012 оны зургадугаар сарын 18-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 97 дугаартай тогтоол гарч, газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлэхээр шийдсэн. Энэ шийдвэрийг 2013 оны аравдугаар сарын 18-нд Хотын дарга Э.Бат-Үүл биелүүлж, А/951 дүгээр захирамжаараа "Ногоон байгууламж байгуулах" зориулалтаар "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлсэн. Түүний дараа 2013-2014 онд тус компани нь "Усан парк, соёл амралтын хүрээлэн байгуулах" ТЭЗҮ-ийг Английн Виталла группээр хийлгэжээ. Тэгж байгаад Хотын дарга С.Амарсайхан 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны А/1111 тоот захирамжаараа уг газрыг гурав хуваагаад, тус бүрт нь гэрчилгээ олгосон.
Харин 2020 оны есдүгээр сарын 30-нд Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамж гаргаж, уг 11.8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд хандсанаар 2021 оны гуравдугаар сарын 3-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгох"-оор шийдвэрлэсэн. Газрын товч түүх нь ийм юм. Энэ олон зөвшөөрөлт, цуцлалтын ард юу болж ирснийг прокурорын хяналтад АТГ, ЭЦА-ныхан мөрдөн шалгана. Ингээд ирэхээр "Авлигал хороолол" хууль бус уу, эсвэл хууль ёсны юу гэдэг нь тодорхой болж эхэлнэ. Цаашлаад барилга барих зөвшөөрөл, дүгнэлтүүд ямар замаар, хэрхэн гарсан нь шалгагдаад гарч ирнэ.
Ер нь бол үерийн даланг хааж боогоод газар олгож, барилга барих зөвшөөрлийг ямар ч "эрх мэдэл" олгох ёсгүй юм. Улмаар, энэ үйл ажиллагааны шат шатанд нь оролцсон албан тушаалтнууд ч энэ "эрх мэдэл"-ийг үг дуугүй дагаж, өнөөдрийн үерийн эрсдэлийг бий болгосныхоо төлөө хариуцлага үүрэх учиртай юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn