ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр-Хужирт сумыг 43.3 км авто замаар холбох ажил эхэлнэ
Улс, орон нутгийн ирэх оны төсөвт Өвөрхангай аймагт авто замын ажлын хөрөнгө оруулалтыг багагүй тусгасан байна. Тодруулбал, Арвайхээр-Хужирт сумыг холбосон 43.3 км авто замын ажил 2024 онд эхлэх бол Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон авто замын ажил 36 хувийн гүйцэтгэлтэй байна. Хайрхандулаан сумыг А0302 дугаартай улсын чанартай авто замд холбох 3.2 км замыг улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Есөнзүйл сумыг А0301 дугаартай улсын чанартай авто замд холбох 14.7 км авто замыг Дэлхийн банкны төслийн 13.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр ирэх онд эхлүүлнэ.
Мөн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын ажлыг эхлүүлэхээр улсын төсөвт 17.9 тэрбум төгрөгийг тусгасан. Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн 426 км авто зам болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Баянгол сум, Дундговь аймгийн Мандал-Овоо, Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд тавих 280 км авто замын ТЭЗҮ, зураг төслийг улсын төсвөөр, Баянтээг багийг улсын чанартай авто замд холбох 22 км замын зураг төслийг уурхайн хөрөнгөөр тус тус ирэх онд гүйцэтгэнэ. Түүнчлэн Арвайхээр, Хархорин, Хужирт сумын төвд шинээр авто зам тавих 4 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт суулгаад байна.