Өвөрхангайд “Ногоон хэрэм” төсөл хэрэгжинэ
Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг ирэх таван жилд Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд “Ногоон хэрэм” төслийн баг судалгааны ажлыг газар дээр нь хийхээр энэ сарын 26-28-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж байна.
Төслөөр Арвайхээр хот орчимд 15 га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулж, түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, ойн зурвас байгуулах аж.
Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг манай улс 15 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд БНСУ-ын 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулжээ.