Аль улсын ямар вакцин оруулж ирснээ мэдсэнгүй юу?

383
 
Хүн юу ч мэдэхгүй, тэрийгээ мэдэхгүй байх шиг ичгэвтэр зүйл байдаггүйг Монголын эрх баригчдын вакцинтай холбоотой мэдэгдлүүд нотоллоо. Өөрийн орондоо вакцин үйлдвэрлэх болон бусад улс орноос вакцин худалдан авах эдийн засгийн бүрэн чадамжтай улс орнууд хамгийн эхэнд бэлэн болсон вакцинд иргэдээ хамруулсан. Ямар ч сонголт олгоогүй. Гэтэл дотооддоо вакцин үйлдвэрлэх нь байтугай Засгийн газрынхаа хөрөнгөөр ганц ч тун вакцин оруулж ирж амжаагүй Монгол Улс “Иргэдээ сонголтоор нь вакцинд хамруулна” гэдгээ зарласан. Гэвч вакцины хүртээмж манай улсад байтугай дэлхийд хомс байгаа энэ цаг үед сонголтоор вакцин хийлгэх боломжгүй гэдгийг саяхан ухаарч өмнөх мэдэгдлээсээ бултав.
Манай улс хоёр сая гаруй иргэнээ COVID-19-ийн эсрэг  вакцинд хамруулна. Үүнд шаардлагатай дөрвөн сая тун вакциныг худалдаж авахад зориулж 226 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлснийг Засгийн газраас мэдэгдсэн. Гэвч одоогийн байдлаар гадаадаас тусламжаар орж ирсэн вакцинуудад иргэдийг хамруулж байна. Тухайлбал,  БНЭУ-аас 150 мянган тун AstraZeneca, БНХАУ-аас Синофарм үйлдвэрийн 300 мянган тун вакцин тусламжаар ирсэн бол Япон улс 1.3 сая хүнд шаардлагатай вакцин хандивлахаа мэдэгдсэн.
 

Б.БАТЦЭЦЭГ: ВАКЦИНЫГ СОНГОЛТТОЙГООР ХИЙЛГЭХ БОЛОМЖИЙГ ИРГЭДДЭЭ ОЛГОСОН

 
COVAX хөтөлбөрийн хүрээнд  манай улс хүн амын 20 хүртэлх хувийг дархлаажуулах 112800 тун AstraZeneca,  25740 тун Pfizer  вакциныг  үнэгүй авна. Үүний эхний ээлж болох 14400 тун AstraZeneca вакциныг энэ сарын 12-нд хүлээн авсан.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Вакцины тэгш хүртээмж тулгамдсан асуудал болж байгаа энэ үед COVAX хөтөлбөрт хамрагдан вакцин хүлээн авч байна. Хөтөлбөрийн хүрээнд авах вакцин 2021 оны долоодугаар сар гэхэд хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах Засгийн газрын зорилтод чухал нөлөө үзүүлнэ.  Гурав, дөрөвдүгээр сард манай улс олон тооны вакциныг хүлээн авна. Pfizer компанийн хөгжүүлсэн вакцин 25700 тунгийн эхний ээлж энэ сард багтаж ирнэ. Манай улс вакцинаа үнэ төлбөргүй, сонголттойгоор хийлгэх боломжийг иргэддээ олгож байгаа” гэсэн юм. Гэвч одоогийн байдлаар AstraZeneca, Синофарм үйлдвэрийн вакцинаас өөр сонголтгүйгээс гадна Синофармын вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоогүй хэвээр байна.
 

С.ЭНХБОЛД: ИРГЭДЭЭР ВАКЦИН СОНГУУЛАХГҮЙ

 
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд гуравдугаар сарын 12-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “AstraZeneca, Синофарм, Спутник-V вакциныг сонголтоор хийж байгаа” гэж ярьсан. Гэвч тэрээр гуравдугаар сарын 15-нд “Иргэдийн дунд буруу ойлголт  үүссэн байна. Манай улсын Хүний эмийн зөвлөлөөс AstraZeneca, Спутник, Синофарм, Pfizer  гэсэн дөрвөн вакцинд зөвшөөрөл өгсөн.
Иргэд эдгээр вакцинаас сонгож хийлгэнэ гэж ойлгоод байгаа. Гэхдээ вакцин хийлгэхээс өмнө эмч үзээд харшил, даралт зэргээс шалтгаалан эмнэлгийн заалтаар  сонгож хийх болохоос биш иргэдээр өөрсдөөр нь сонгуулна гэсэн үг биш юм. Зөвхөн заалтаар хийж байгаа. Очиход нь дөрвөн вакцин байна, түүнээс сонгож хийлгэнэ гэдэг зүйл байхгүй” хэмээн хэдхэн хоногийн дараа өөрийн үгнээсээ “урвасан” юм. Ингээд иргэд Засгийн газраас санал болгосон вакцинд хамрагдахаас өөр сонголтгүй хоцорсон юм.
 

С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР 10 МЯНГАН ТУН СПУТНИК-V ВАКЦИН ХУДАЛДАЖ АВСАН

 
Сонголтоос гадна манай улс аль оронд үйлдвэрлэсэн, ямар нэртэй вакцинаас хэдэн тунг авчирсан талаарх албаныхны мэдэгдлүүд ч нэг нэгнээ үгүйсгэсэн, эргэж буцсан шинжтэй байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ОХУ-аас хандиваар 50 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ”Засгийн газрын худалдаж авсан вакцины эхний ээлж орж ирсэн.
Энэ нь 10 мянган тун Спутник V вакцин юм. Бусад вакциныг худалдан авах ажлыг чиглэл бүрээр хийж байна. Засгийн газар вакцин худалдан авах хөрөнгө санхүүгээ шийдвэрлэсэн. Зөвхөн тусламжийн гар хараад суугаагүй” гэж мэдэгдсэн. Гэвч "Монгол Эм импекс" концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ  "Спутник V вакцины 20 мянган тун буюу 10 мянган хүн тунг хоёрдугаар сарын 27-нд татан авсан. Үүнээс тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан.
Үлдсэн тунг Интермэд эмнэлэгт нийлүүлсэн. Ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-аас Спутник V вакциныг татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн татан авалтад Засгийн газраас худалдан авах гэж буй вакцины захиалга багтаж байгаа" гэж ярьсан юм.
 

ЭМЯ: СПУТНИК V ВАКЦИНЫГ АВЧ АМЖААГҮЙ

 

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Спутник V вакцины хувьд Монгол Улсын Засгийн газар их хэмжээгээр авах яриа хэлэлцээр хийж байгаа. Хараахан авч амжаагүй байна. Харин хувийн хэвшил (Монгол Эм Импэкс)-ийн зүгээс 10 мянган тунг оруулж ирсэн” гэж мэдээлсэн. Дээрх эх сурвалжуудын ярианууд манай улсын Засгийн газар цар тахлын хүнд хэцүү үед салбар хоорондын ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгааг илчиллээ.
Үүнээс гадна БНХАУ-аас хандиваар орж ирсэн вакцины гарал үүсэлтэй холбоотой маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Улсын Онцгой комиссоос “Хятад улсын Синофарм компанийн Verocell  нэртэй вакцин түрүүлж гарсан. Харин Синовак вакцин сүүлд гарсан бөгөөд манай улс аваагүй” гэсэн. Гэвч ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа энэ сарын 16-ны ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр “Дөрөвдүгээр сараас вакцины хоёр дахь тун хийнэ. Тухайлбал, Cиновак вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлнэ” гэж ярив. Үүнээс үүдэн манай улсын Засгийн газар өнөөг хүртэл аль улсын ямар үйлдвэрийн вакцин оруулж ирснээ мэдэхгүй байгаа юу гэсэн эргэлзээ олон нийтийн дунд үүсээд байна. Хятадын “Sinovac” үйлдвэрийн 50.6 хувийн үр дүн үзүүлсэн  вакцинд ДЭМБ гуравдугаар сарын сүүлээр зөвшөөрөл олгохоор ярилцаж байна. Энэ вакциныг Хятад улс дотооддоо ашиглах зөвшөөрлийг хоёрдугаар сарын 6-нд өгсөн юм. Харин Синофармын вакциныг 86 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн тус улс арванхоёрдугаар сард зөвшөөрөл олгосон юм.
 

“АСТРАЗЕНЕКА  БОЛОН СИНОФАРМЫН ВАКЦИНЫ ХОЁР ДАХ ТУНГ НӨӨЦӨЛСӨН”

 

Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлснээс хойш энэ сарын 17-ны байдлаар150 мянга орчим иргэн буюу зорилтот бүлгийн долоо орчим хувийг вакцинд хамруулаад байна. Гурав болон дөрөвдүгээр сардаа багтаан нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнээ хоёр тун вакцинд хамруулах зорилт тавьсан. Эхний ээлжийн хүмүүс вакцины хоёр дахь тунгаа ирэх сард тариулна. Үүнтэй холбоотойгоор вакцины нөөцийн асуудал гарч ирнэ.Түүнчлэн вакцинжуулалт энэ хурдаараа үргэлжилбэл долдугаар сар гэхэд 60 хувиа вакцинжуулах зорилтдоо Засгийн газар хүрэхгүй чиг харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn