Аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
![](http://nutag.mn/uploads/posts/2022-07/medium/1656983273_e08185118b99ceec09b93b199a5fb45f.jpg)
Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна. Энэ удаагийн дугаартаа бид Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын үзэсгэлэнт газруудаас онцолж байна.
Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нэлээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.
![](https://ergelt.mn/upload/images/30c4851cd5eaaf94.jpg)
![](https://ergelt.mn/upload/images/erdenezuu-153427-772685173.jpeg)
Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтад авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна.
![](https://ergelt.mn/upload/images/5cbda92d0017e.jpeg)
![](https://ergelt.mn/upload/images/history_1482641947.jpg)
Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Тус хайрхныг орон нутгийн тусгай хамгаалалтад 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.
Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийн ард энэхүү хүүхдийн овоод очсон хүүхэдгүй гэр бүлүүд энэ овоонд сүслэн мөргөж тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог гэж үздэг ажээ.
![](https://ergelt.mn/upload/images/3_4272827%20(1).jpg)